Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн тэрбумтан долдугаар сарын 11-ний өдөр сансарт нисэх болсноо зарлав

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их Британийн тэрбумтан, сэр Ричард Брэнсон өөрийн үүсгэн байгуулсан компанийн хөлгөөр долдугаар сарын 11-ний өдөр сансарт нисэх болсноо өчигдөр зарлажээ.

АНУ-ын Амазон компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос долдугаар сарын 20-ны өдөр өөрийн бүтээсэн хөлгөөр мөн сансарт нисэхээр болоод байгаа.

Ийнхүү Америк, Британийн тэрбумтнууд түрүүлж сансарт нисэхээр өрсөлдөцгөөж байна.

Энэ хоёр эрхэм хоёул сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа.

Безосын байгуулсан Blue Origin компани New Shepard хөлгийг зохион бүтээсэн бол Брэнсоны Virgin Galactic компани мөн өөрийн Unity хөлгийг зохион бүтээгээд байгаа.

Хоёр хөлөг хоёул дэлхийн агаар мандлаас хэсэг хугацаанд гарч, сансрын уудмын хил хязгаарт хүрэх зориулалттай.

Өөрөөр хэлбэл зорчигчид нь дэлхийн гадаргаас 100 орчим километрийн өндөрт хүрсний дараа цөөн хэдэн минутын хугацаанд жингүйдлийг биеэр мэдэрч, дэлхийн бөмбөрцгийг хөлгийн цонхоор ажиглаад буцах юм.

Ричард Брэнсоны хөлгөөр нисэх хүсэлтэй 600 орчим хүн захиалга өгөөд байгаа. Нэг хүний нислэгийн төлбөр $250,000 орчим гэгдэж байна.

“Сансрын уудам бүх хүнд хамаатай гэдэгт би итгэдэг. 17 жилийн судалгаа, инновац, инженерийн ажлын үр дүнд сансрын аяллын шинэ салбар хүн төрөлхтөнд хорвоо ертөнцийг нээж өгөх гэж байна” гэж Сэр Ричард Брэнсон мэдэгджээ.

Өчигдөр бас Амазоны Жэф Безос анхны аялалдаа 82 настай эмэгтэй нисгэгч Уолли Фанкийг дагуулж нисэх болсноо зарласан байна.

1960-аад оны үед сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан энэ эмэгтэй түүхэнд хамгийн өндөр насандаа сансарт ниссэн хүн болох юм.

Безостой хамт нисэх өөр хоёр хүний нэг нь түүний төрсөн дүү Марк Безос, нөгөө нь дуудлага худалдаагаар $28 саяыг төлсөн нууцлаг эрхэм байх юм.

 

Эх сурвалж: BBC