Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд цар тахлын шинэ давалгаа эхлэх эрсдэл өндөр байгааг ДЭМБ анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Европ тив даяар коронавирусийн шинэ халдварын тохиолдол 10 орчим хувиар өссөн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.

Үүнээс өмнө тус тивд сүүлийн хоёр сарын турш шинэ халдварын тохиолдол тасралтгүй буураад байсан юм. ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге үүнд вакцинжуулалтын удаашрал, коронавирусийн шинэ хувилбарын тархалт, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн идэвхжсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг анхааруулжээ.

Тухайлбал Евро 2020 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “вирус тараагч” болж байгааг онцолсон байна.

Лондон, Санкт Петербург хотуудаас энэ долоо хоногт буцаж ирсэн олон зуун хөгжөөн дэмжигчээс коронавирусийн халдвар илэрчээ.

Үүнээс гадна Энэтхэг улсад анх бүртгэгдсэн коронавирусийн Дельта хувилбар Европын олон оронд тархаад байна. Наймдугаар сарын сүүлчээр тус тивийн орнуудад шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 90 хувь нь Дельта хувилбараар халдварласан байх урьдчилсан таамгийг Европын Халдварт Өвчин Судлалын Агентлаг гаргажээ.

Сүүлийн гурван өдрийн дотор ОХУ-д Covid-19 өвчнөөр 672 хүн нас барж, 23,543 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

Евро 2020 тэмцээний тоглолтуудыг зохион байгуулсан Санкт Петербург хотод өчигдөр 115 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ. Тус хотоос буцаж ирсэн 400 хөгжөөн дэмжигчээс халдвар илэрсний дараа Финланд улс ОХУ-д зорчихгүй байхыг иргэдэдээ анхааруулсан байна.

Англи-Шотландын шигшээ багуудын тоглолтыг үзээд Лондон хотоос буцаж ирсэн хүмүүстэй холбоотой 1,294 халдварын шинэ тохиолдол бүртгэснээ Шотландын эрүүл мэндийн газар Лхагва гарагт мэдээлжээ. Тэдгээрээс 400 орчим нь Уэмбли стадионд байсан хөгжөөн дэмжигчид юм байна.

Хэдийгээр Их Британийн насанд хүрсэн хүн амын 62.7 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ч Лхагва гарагт 27,989 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

 

Эх сурвалж: BBC