Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктидад Цельсийн +18.3 хэм, Канадад +49.6 хэм хүрч халжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар дулаарал эрчимтэй явагдаж байгааг шинэ баримтууд харуулж байна.

НҮБ-ын харьяа Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) дэлхийн өмнөд туйл Антарктидад түүхэн дээд хэмжээндээ хүрч халсныг баталж, өчигдөр албан ёсоор бүртгэжээ.

2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Антарктидын Эсперанза Судалгааны Станцад Цельсийн +18.3 хэмийн дулаан бүртгэгдсэнийг ийнхүү баталгаажуулсан байна.

 

Өмнөх хамгийн өндөр халалт болох Цельсийн +17.5 хэм нь 2015 оны гуравдугаар сарын 24-нд мөн Эсперанза станцад бүртгэгдэж байжээ.

Уг станц Антарктидын хамгийн хойд захын цэгт буюу Өмнөд Америк тивд ойрхон оршдог юм.

WMO байгууллагын мэдэгдэлд үүнийг “уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй болсны илрэл” гэж дүгнэжээ.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн бөмбөрцгийн хойд туйлд ойр оршдог Канад улсын зарим нутагт ер бусын халуун өдрүүд үргэлжилж байна.

Тухайлбал Мягмар гарагт Бритиш Колумбиа мужийн Литтон хэмээх тосгонд Цельсийн +49.6 хэм хүрч халсан нь Канад улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Их халалтын улмаас гал түймэр гарсан тул Литтон тосгоны захирагч Ян Полдерман оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Лхагва гарагийн орой гаргасан байна.

“Нөхцөл байдал маш хүнд байна. Тосгон бүхэлдээ галд автаж байна. Утаа үнэртэж эхэлснээс хойш ердөө 15 минутын дараа хаа сайгүй гал дүрэлзэж эхэлсэн” гэж Полдерман мэдээлжээ.

250 орчим оршин суугчтай Литтон тосгон нь Канадын гурав дахь том хот Ванкувераас зүүн хойд зүгт 260 км зайтай оршдог. Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад тус тосгонд бүртгэгдсэн агаарын температур нь Канадын түүхэн дээд халалтыг дараалан шинэчилсэн юм.

Канадаас гадна АНУ-ын эх газрын баруун хойд бүс нутагт Ням гарагаас халж эхэлсэн байна. 

Сүүлийн таван өдрийн дотор Канадын Бритиш Колумбиа мужид 486 хүн хэт халууны улмаас амиа алджээ.

 

Эх сурвалж: Russia Today