Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Би саналаа өгмөөр байна, гэвч…

ikon.mn
2021 оны 7 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний амьдарч байгаа улс ардчиллын замыг сонгоод 31 жил болж байна. Тэгэхээр ардчилалтай зэрэгцэн төрсөн залуус одоо 31 нас хүрч байна. 18 нас хүрээд сонгуульд оролцох эрхтэй болдог тул энэ хугацаанд дөрвөн удаа Ерөнхийлөгчийн сонгууль, дөрвөн удаа их хурлын сонгууль, нийт 8 удаагийн чөлөөт ардчилсан, ээлжит сонгуульд саналаа өгсөн туршлагатай болсон баймаар. Орон нутгийн сонгуулийг оруулаагүйгээр шүү. Гэтэл энэ насныхан эдгээр сонгуульд бүрэн оролцож чадсан уу? Оролцохгүй байгаа бол үүний шалтгаан юу вэ? Хариултыг эрж хайх үүднээс 6-р сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээн дээр жишээ авч үзье. 

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх ёстой нийт 2,041,985 иргэн бүртгэгдсэнээс 59.35 хувь буюу 1,210,628 хүн саналаа өгчээ. Хуулийн дагуу ирцийн босгодоо хүрсэн тул хүчин төгөлдөр сонгуульд тооцогдлоо. Саналаа өгсөн 1.2 сая хүн Монгол Улсын 3.3 сая иргэн ирээдүйд нийгэм, эдийн засаг, улс төрийн ямар орчин нөхцөлд амьдрахыг шийдлээ гэсэн үг.

Тэгвэл сонгуульд оролцсон 59 хувь нь аль насны, ямар хүйсийн хүмүүс байв, аль бүлгийн төлөөлөл илүү, эсвэл бага байв гэдгийг харцгаая.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа ЛИЙД төгсөгчдийн холбоо Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран сонгогчдын ирцийн мэдээг 12 насны ангиллаар мөн хүйсийн мэдээлэлтэй нь хамт нарийвчлан гаргав. Өмнө нь хоёр удаа сонгогчдын ирцийг 18-25, 26-40, 41-55, 56-аас дээш нас гэсэн 4 бүлэгт л хувааж гаргаж байсан.

Улсын хэмжээнд сонгуульдаа хамгийн өндөр ирцтэй оролцсон насны ангилал нь 65-69 насныхан (77%) байсан бол хамгийн бага ирцтэй нь 20-24 насныхан (~44%) болон 25-29 насныхан (~46%) байв. Энэ насны залуус бусдаасаа бага ирцтэй оролцжээ.

 

Залуусын ирц бага байгаагийн шалтгаан юу юм бол?

1. Иргэний харьяалал.

Сонгуульд саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй хаягийнхаа дагуух хэсгийн хороонд очих ёстой байдаг. Гэтэл 20-29 насныхан хүн амын хамгийн хөдөлгөөнтэй хэсэг. Тэд сургууль, ажлын байр, амьдрах орчин хайн шилжин суурьшиж, бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байх нь нийтлэг бодит байдал. Жишээ нь, Улаанбаатарт бүртгэлтэй иргэн Б уул уурхайн цахилгаанчин мэргэжлээр сургуулиа төгсөөд Өмнөговь аймаг дахь нэгэн уул уурхайн компанид ажилд оржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр ажлын ээлжтэй, хотод ирэх боломжгүй байсан тул сонгуульд оролцож чадаагүй гэв. Мөн орон нутагт нь ажил олдохгүй байгаа учраас иргэн Ц эхнэртэйгээ хотод түр хугацаагаар амьдрахаар ирсэн, буцна гэж боддог тул орон нутгийн бүртгэлээ өөрчлөөгүй гэв. Тэд бас л саналаа өгч чадаагүй.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6-р сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр, харин их хурлын ээлжит сонгуулийнх сонгуулийн жилийн 6-р сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байдаг. Гэтэл 6-р сард их дээд сургуулийн хичээл дууссан ч шалгалт, бичиг баримтын асуудал дуусаагүй байдаг тул дээд боловсролын байгууллагад сурч байгаа 147,3 мянган оюутан Улаанбаатар хотод л байдаг. Тэд сургуулийн асуудлаа бүрэн дуусгаад орон нутагтаа очиход нь сонгууль ч мөн дуусчихсан байдаг.

Иймд иргэд байгаа байгаа газраа саналаа өгдөг болох боломжоор хангахыг төрийн зохих байгууллагууд эрэлхийлэх шаардлагатай байна. Үүний тулд Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын бүртгэлийн байнгын тогтолцоог бий болгож, тогтмол шинэчлэгддэг жишигт шилжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сонгуулийн бус жилүүдэд ч гэсэн 18 ба түүнээс дээш насны иргэдийнхээ бүртгэлийг ажиллагаатай байлгана гэсэн үг. Жил бүр шинэчлэгдсэн цэгцтэй тоон мэдээллийг сонгуулийн жил сонгуультай холбоотой бусад чиг үүргийн байгууллагууд авч ашиглахад нээлттэй, хялбар байх нь чухал юм.

2. Улс төрийн нам, улс төрчдийн манлайлалд итгэх итгэл.

Төрийн эрх мэдэл ардчилсан, чөлөөт сонгуулиар хамгийн олон санал авсан улс төрийн намд очдог. Улс төрийн эрх мэдэл олж авахын төлөө өөрсдийн үнэт зүйл, бодлогоор нэгдсэн бүлэг хүмүүсийг нам гэдэг. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс (IRI) Монголын залуучуудын дунд 2020 онд явуулсан судалгаагаар улс төрийн намд итгэх итгэл залуучуудын дунд маш бага байгаа үзүүлэлт гарсан. Энэ нь улс төрийн намуудын бодлого, үзэл санаа нь орчин цагт таарахгүй, залуучуудын эрэлт хэрэгцээнд тэр бүр нийцэхгүй, ер нь гологдож байгааг илэрхийлж байна.

Мөн улс төрийн намууд дотооддоо ардчилал нь ямар хэмжээнд байгаа юм бэ гэдгийг Дефакто институт 3 жил дараалан судалсан. 2020 оны судалгаагаар хоёр том нам гэгдэх МАН, АН-ын дотоод ардчилал буурч “хагас ардчилалтай” гэж гарсан байна. Дотооддоо ардчилсан биш байгууллагад итгэх, ажиллах, тэдний үйл ажиллагааг сонирхох, даган дуурайх эрмэлзэл залууст төрөх үү гэдэг асуулт эндээс гарч ирнэ. 

Монголын улс төрийн намын дотоод ардчиллын индекс, 2018-2020 он

 

Эх сурвалж: Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2020

Яг ийм суурин дээр улс төрийн намуудаас Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгэн нэр дэвшигч өрсөлдөхөөр залууст итгэл үнэмшил төрөхгүй, сонгуульд оролцохоос зайлсхийх, сонирхохгүй байх хандлага ажиглагдаж байна. Залуус “ямар ч хувийн эрх ашигт гажихгүй ёс суртахуунтай, ард түмний зовлонг өөрийн мэт мэдэрч, ажилдаа зүрх сэтгэлээрээ хандах” ёс зүйт, төлөв манлайллыг улс төрийн намуудаас хүлээсээр байна. Манлайллыг дагах олон нийтийн итгэл бол өөрчлөлтийг авчрах маш том хүч.

3. Эдийн засаг, амьдралын чанар.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Баянгол дүүргийн сонгуулийн насны иргэдийн ~67 хувь нь саналаа өгснөөр бусад дүүргүүдээ манлайлсан бол Налайх дүүрэг ~59 хувийн ирцтэйгээр сүүл мушгисан. Энэ хоёр дүүргийн 2019 оны өрсөлдөх чадварын ерөнхий индексийг харвал Баянгол 2-рт, Налайх 8-рт орсон байна. Мөн амьдралын чанар, эдийн засаг бүлгүүдийн индексээр БГД 2-рт, Налайх 7-рт тус тус оржээ. Амьдралын чанар, эдийн засгийн бэрхшээл нь хүмүүсийг үндсэн хэрэгцээндээ анхаарахад л хүргэж, улс төрийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна уу гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

4. Тэгш, хүртээмжтэй байдал.

Ардчилсан сонгуулийн нэг чухал зарчим бол сонгууль бүх нийтийн байх явдал. Иймд сонгогч бүрийг сонгуульд оролцож, саналаа өгөх боломжоор хангах ёстой. Гэтэл ялгаатай хөгжилтэй иргэдийн оролцоог илт хязгаарласан санал авах байрууд ажиглагдав. 2019 оны тоогоор улсын хэмжээнд 107 мянган ялгаатай хөгжилтэй иргэн байгаагаас 20-34 насныхан 21.7 мянга (20%), 35-64 насныхан 64.4 мянга (61%) байна. Санал авах бүх байр үүнийг тооцсон, хэнд ч байсан хүртээмжтэй байх үүрэгтэй. Гэтэл доорх зурган дээр харагдаж байгаа шиг санал авах байр руу орж чадахгүй, хүн царайчлахаасаа санаа зовон хичнээн сонгогч саналаа өгч чадаагүй бол? 

 
Зургийн эх сурвалж: Mass official page

Тэгвэл юу хийх хэрэгтэй вэ?

Иргэдийн оролцоо нь ардчиллын тулгуур үндэс. Оролцоно гэдэг нь сонгуулийн жил бол өөрийн итгэл үнэмшлээрээ хэнээс ч хамааралгүйгээр саналаа өгөх, харин сонгуулийн бус жилүүдэд төрийн хийж байгаа ажлыг ажиглаж үзэл бодлоо илэрхийлэх ба дараагийн сонгуулиар хэнийг дахин сонгох, хэнийг явуулах төсөөллөө гаргана гэсэн үг. Тиймд сонгууль зохион байгуулах үүрэгтэй төрийн байгууллагууд залуучуудын сонгуулийн оролцоог хязгаарлаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд идэвх, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулиар 18-25 насны залуусын ирц 50.8 хувьтай байснаа 2020 онд 62 хувь болж өссөн байдаг. Үүнийг тухайн жил өрнөсөн залуучуудыг сонгуульд оролцохыг уриалсан, улс төрийн оролцоог нь идэвхжүүлсэн иргэний нийгмийн хөдөлгөөн, кампанит ажлуудын нөлөө гэж үзэх нь бий. Тухайлбал “Өглөө”, “ХудалдахҮГҮЙ ХууртахҮГҮЙ”, “Жишээ ба бишээ”, “Надад 1 санал байна”, “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн”, “Мину Хота”, “Залуус сонгуулийн амлалтыг хянах нь”, “Нэгээр нэмчлээ” зэрэг иргэний нийгэм, залуусын нэгдэл хөдөлгөөнүүдийг дурдаж болно. Ийм хэлбэрийн хөдөлгөөнүүд залуусаар нь залууст бодит үлгэрлэл үзүүлж, бүгдээрээ нэг завин дээр байгаа учраас оролцоогоо сайжруулах нь бүгдэд хэрэгтэй, саналаа өгөх нь тийм ч ядаргаатай хэрэг биш гэдгийг мэдрүүлж байв. Сонгуулийн өдөр дээлээ өмсөж очоод саналаа өгчихөөд, уух юм хөнгөлөлттэй үнээр авч уучихаад, өөрийнхөө оролцоог нийгмийн сүлжээгээр найзуудтайгаа хуваалцаж байв. Харин энэ жилийн тухайд арай хязгаарлагдмал байлаа. Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх хөдөлгөөн, кампанит ажлууд нь зөвхөн оролцоог идэвхжүүлэх, сонгуульдаа бүгдээрээ оролцохыг л уриалж байгаа нөлөөллийн ажил учраас залуусын санаачилгыг дэмжиж, төр, иргэний нийгэм хамтран ажиллах хэрэгтэй байна.

Залууст саналаа өгөх боломжийг нь бий болгоё.

Нийтлэлийг бичсэн:

Г.Жавзмаа

Дефакто медиа редактор

Энэхүү нийтлэлийг ЛИЙД төгсөгчдийн холбооноос хэрэгжүүлсэн “Сонгогчдын ирцийн ил тод, хүртээмжтэй мэдээлэх” төслийн хүрээнд бэлтгэн гаргав.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.