Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн тэргүүн баян нурсан метроны замыг өөрийн зардлаар бүрэн сэргээхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ оны тавдугаар сард Мексик улсын нийслэлийн метроны шугамны агаарын зам нурснаас 26 хүн амь үрэгдсэн юм.

Тэгвэл уг замыг тус улсын хамгийн баян хүн Карлос Слим 100 хувь өөрийн зардлаар сэргээн босгох болсныг Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Метроны 12 дугаар шугамны нурсан замыг тэр Мексикийн ард түмэн, засгийн газраас ганц ч зоос гаргалгүйгээр бүхэлд нь сэргээн босгохоо амласан” гэж Обрадор мэдэгдсэн байна.

 
Карлос Слим

“Алтан шугам” гэгддэг метроны 12 дугаар шугамын агаарт өргөгдсөн хэсгийг 2012 оны аравдугаар сард нээж байжээ. Үүнийг тухайн үедээ Мексикийн түүхэнд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хамгийн том төсөл гэж нэрлэж байв.

Агаарын зам нурах болсон шалтгааныг мөрдөж тогтоох хараат бус байгууллагаар Норвегийн DNV компани шалгараад ажиллаж байгаа. 

Шалгалтын урьдчилсан дүгнэлтээр замын материал, хийц, угсралтын бүтэц зэрэг олон зүйл стандартын шаардлагын дагуу хийгдээгүйг тогтоожээ. Карлос Слим шалгалтын дүгнэлтийг хүлээлгүйгээр сэргээн босголтыг эхлүүлж, жилийн дотор дуусгах амлалт авсан гэнэ.

Одоо $70 тэрбумын хөрөнгөтэй Слим нь Мексикт бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. 2010-2013 онд Форбс сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн баян хүнээр тодруулж байжээ.

 

Эх сурвалж: CNN