Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн дайны архитектор гэгддэг Дональд Рамсфелд 88 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яамны сайдаар хоёр удаа ажиллаж байсан Дональд Рамсфелд өнгөрсөн Мягмар гарагт 88 насандаа таалал төгссөн тухай гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр Нью Мексико мужийн Таос дахь гэртээ нас барсан байна.

Ухаалаг, дайчин, эх оронч, амбицтай нэгнээс гадна зальтай, овжин улс төрч гэж хамтрагчид нь түүнийг тодорхойлдог байв. Рамсфелд дөрвөн ерөнхийлөгчийн засаг захиргаанд алба хашиж, Иллиноис мужаас хэд хэдэн удаа конгрессийн гишүүнээр сонгогдож байжээ.

Бүр 1988 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бүгд Найрамдах Намын сунгаанд оролцож байсан удаатай.

Рамсфелд нь Пентагоны тэргүүнээр хоёр удаа томилогдон ажилласан цорын ганц хүн. Эхлээд тэр ерөнхийлөгч Жеральд Фордын үед буюу 1975-1977 онд, дараа нь Жорж Бушийн үед 2001-2006 онд АНУ-ын зэвсэгт хүчнийг тэргүүлж байжээ.

Эхний удаа ажиллахдаа тэр түүхэн дэх хамгийн залуу Пентагоны тэргүүн болсон бол хоёр дахь удаагаа хамгийн ахмад нь болсон юм.

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью Йорк хотод гарсан террорист халдлагын дараа тэр Афганистаны дайныг эхлүүлж байв. Гэвч удалгүй 2003 онд Ирак руу довтолж, Саддам Хусейний дэглэмийг унагасан юм.

Эхний дайнаа гүйцээлгүй хоёр дахь дайныг эхлүүлсэн нь Афганистан, Ирак дахь АНУ-ын үйл ажиллагааг сулруулж, дайснууддаа хүчирхэгжих боломж олгосон гэж судлаачид түүнийг шүүмжилдэг.

Тухайлбал Иракт дайн эхэлсний дараа Афганистанд Талибан хөдөлгөөнийхөн байр сууриа нэмэгдүүлж, дайны үйл явц сунжирсан юм. Мөн Иракийг эзэлсний дараа үүсэх нөхцөл байдлыг гүйцэд тооцоолоогүй гэж Рамсфелдыг шүүмжилдэг.

Рамсфелдыг чиглэсэн шүүмжлэл эрчимжиж, тэр өөрөө огцрох хүсэлтээ гаргаж байсан ч ерөнхийлөгч “бага” Буш өмгөөлсөөр байсан юм. Гэвч 2006 онд конгресст Ардчилсан Намынхан олонх болж, дайны эсрэг хөдөлгөөн газар авсан тул Рамсфелдыг огцруулахаас өөр аргагүй болж байжээ.

Тэтгэвэрт гарсныхаа дараа тэр 2008 онд “Rumsfeld Foundation” нэртэй сан байгуулж, цэргийн ар гэрийнхэн, ахмад дайчдыг халамжлах ажлыг эхлүүлж байв.

Дональд Рамсфелд эхнэр, гурван хүүхэд, долоон ач зээтэй хүн байжээ.

 

Эх сурвалж: Associated Press