Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Дэлхийн III дайн эхлэхгүй, учир нь АНУ, Их Британи энэ дайнд ялахгүйгээ мэдэж байгаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин телевизийн сувгаар иргэдтэйгээ уулзаж, асуултад нь хариулсан юм. Тэрбээр жил бүр ийм арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ үеэр тэр саяхан Хар тэнгист гарсан хилийн зөрчил, өөрөө ямар вакцин тариулсан талаар, залгамжлагч нь хэн байх тухай зэрэг сэдвээр ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн тэнгисийн флотын хөлөг Хар тэнгист, Крымийн хойгийн ойролцоо ирэхэд нь ОХУ-ын тал хил зөрчсөн гэж үзээд анхааруулах гал нээж,  бөмбөгдөж байв.

Энэ үйлдлийн улмаас дэлхийн гуравдугаар дайн гарч болох эсэх талаар асуухад Путин “Хөлгийг живүүлсэн тохиолдолд ч дэлхийн гуравдугаар дайн эхлэхгүй. Учир нь тэд энэ дайнд ялахгүйгээ мэдэж байгаа” гэж хариулжээ.

Тэрбээр Хар тэнгист гарсан “өдөөн хатгалга”-ын цаана Их Британиас гадна АНУ байгаа гэж үзэж буйгаа хэлсэн байна. 

Британийн тал өөрийнх нь хөлөг Хар тэнгис дэх олон улсын усан бүс, Украины усан хилд аялсан тул ОХУ-ын хилийг зөрчөөгүй гэсэн тайлбар өгсөн юм. 2014 онд ОХУ-д нэгтгэгдсэн Крымийн хойгийг өрнөдийн орнууд Украины газар нутаг гэж үздэг нь үүнд нөлөөлжээ.

“Энэ бол зөвхөн Британи төдийгүй Америкчууд оролцсон илэрхий өдөөн хатгалга” гэж Путин мэдэгдсэн юм.

Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг өрнөдийн “шатрын хүү” гэж нэрлээд түүнтэй уулзах хэрэгцээ шаардлага бага гэж үздэгээ илэрхийлжээ.

“Улс орноо гадаадынхны бүрэн хяналтад өгөөд Украины асуудлыг Киевт биш, Вашингтонд, зарим тохиолдолд Парис, Берлинд шийдэж байхад надад Зеленскийтэй уулзах хэрэг алга” гэж Путин хэлсэн юм.

Өчигдрийн уулзалтын үеэр Путин бас коронавирусийн эсрэг ямар вакцин тариулснаа анх удаа хэлжээ. Тэрбээр энэ оны гуравдугаар сард зэвсэгт хүчний дээд удирдлагуудынхаа хамт Спутник V вакцин тариулсан байна.

Гэхдээ бусад вакцинуудад өрсөлдөх боломж олгохын тулд ямар вакцин тариулснаа өнөөдрийг хүртэл нууцалж байсан гэж тэр тайлбарлажээ.

Ярилцлагын үеэр Путиний залгамжлагчийн тухай сэдэв хөндөгдсөн юм. Одоо 68 настай Путин 2036 он хүртэл ерөнхийлөгчийн суудалд тухлах замаа засаад байгаа.

“Манай эх орон, аугаа Орос орныг удирдах чадвартай гэж бодож байгаа хүнийг би цаг нь болохоор танилцуулна” гэж тэр хэлжээ.

КГБ-ын офицер асан Путинийг 1999 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин өөрийн залгамжлагчаар зарлаж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС, Reuters