Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдагч зах зээлийн захиалгын нээлтийн ёслол боллоо

ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаар “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-ийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. Энэ дагуу хөрөнгийн зах зээлд бий болж буй хоёрдогч хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан,  Мандал санхүүгийн нэгдэлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг болон бусад хүмүүс оролцсон юм.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ “Хэдийгээр коронавируст цар тахлаас шалтгаалж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, амаргүй олон сорилттой тулгарсан ч хөрөнгийн зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд болох зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 71.8 тэрбум төгрөг, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь, ДНБ-д харьцуулсан харьцаа 10 хувьд хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын хүлээлт, итгэлцэл дээр суурилж өсч, тэлж хөгждөг онцлогтой зах зээл бөгөөд энэхүү хүлээлт, итгэлцлийг бий болгоход УИХ, Засгийн газар, төрийн зохицуулагч байгууллагуудын оновчтой бодлогын арга хэмжээ нөлөөлснөөс гадна салбарын мэргэжлийн байгууллагуудын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэснийг онцолмоор байна.

Иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сан, мэргэжлийн институцээр дамжуулж оролцсоноор оновчтой шийдвэрийг тооцоо судалгаан дээр үндэслэн гаргуулах, эрх ашгаа нэгдмэл байдлаар хамгаалуулах зэрэг давуу тал олон. Ийм учраас Хорооноос “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэгж эрхээ олон нийтэд санал болгон гаргах зөвшөөрлийг олгож, өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд бий болж буй хөрөнгийн зах зээлд хандах иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт, итгэлцлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

“Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК нь нэгж эрх тус бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүний 95 хувийг буюу 47 сая 500 мянган ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгож, нийт 47.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм.