Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өршөөлийн хуульд нийт 1,013 хоригдол хамрагдахаас 150 нь ялаас бүрэн чөлөөлөгдөнө

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлжээ.

Өршөөлийн хуульд 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,

2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,

2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн тодорхой ял шийтгэл хүлээсэн хүмүүс хамрагдах юм байна.

Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачид хамаарах аж. 

Уг хууль хэрэгжсэнээр:

  • 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж,
  • 374 хоригдлын хорих ялыг сольж,
  • 469 хоригдлын хорих ялаас хоёр жил хасаж,
  • Өсвөр насны 25 хүн, нийт 1,013 хоригдол хамрагдана. Ингэснээр 3,129 хоригдол үлдэнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.  

Өршөөлийн хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.