Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тарваган тахлаар хүн нас барсан хамгийн эртний тохиолдлыг эрдэмтэд тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Германы эрдэмтэд 5,300 орчим жилийн өмнө тарваган тахлаар нас барсан хүний үлдэгдлийг олж тогтоосон нь хамгийн эртний тохиолдолд тооцогджээ.

14 дүгээр зуунд “Хар үхэл” гэж нэрлэгдсэн тарваган тахал Европт дэгдэхэд хүн амын тал нь амь үрэгдсэн юм. Тэр үеэс хойш олон зууны туршид олон сая хүн энэ өвчнөөр амиа алдаж байв.

Латви улсын нутагт орших чулуун зэвсгийн үеийн булшнаас дөрвөн хүний яс олдсон байна. Тэдгээрийн яс, шүдэнд генетикийн шинжилгээ хийж, бактер, вирусийг нь бас шинжилжээ.

Ингэхэд нас барахдаа 20 гаруй настай байсан эрэгтэйн яснаас тарваган тахлын бактерийн эртний төрөл болох “Yersinia pestis” олдсон байна.

“Энэ бол өнөөдрийг хүртэл мэдэгдэж буй тарваган тахлаар хүний нас барсан хамгийн эртний тохиолдол юм. Өвчтөн мэрэгч амьтанд хазуулсан байх өндөр магадлалтай. Үүний улмаас Yersinia pestis бактерийн халдвар авч, цөөн хэдэн өдрийн дараа нас барсан байна” гэж Германы Келийн их сургуулийн доктор Бэн Краусе-Кёра ярьжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар бактерийн эртний төрөл 7,000 орчим жилийн өмнө төв Европт газар тариалан хөгжиж эхлэхтэй зэрэгцэн бий болсон гэнэ.

Тухайн үед хүн амын төвлөрөл бага байсан тул өргөн хүрээнд тахал дэгддэггүй байжээ.

Тарваган тахал өнөөдөр ч хүний амь насанд аюул учруулсаар байгаа. Гэхдээ эрт үед нь антибиотикоор эмчлэх боломжтой болсон юм.

Германы эрдэмтдийн судалгааны тайлан “Cell Reports” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: BBC