Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаан эх орноосоо дүрвэсэн тухай мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаан болох Эсватини улсын хаан Гуравдугаар Мсвати иргэдийнх нь ардчиллын төлөө тэмцэл хүчирхийлэл болж хувирсны дараа эх орноосоо дүрвэсэн тухай Өмнөд Африкийн телевиз мэдээлжээ.

Дараа нь Эсватинигийн засгийн газрын төлөөлөгч уг мэдээллийг няцаасан байна.

Тус улсын Мацафа хотод засгийн газрын эсрэг тэмцэгч иргэд хэд хэдэн дэлгүүрийг шатааж, цагдаа нартай мөргөлдсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

1970-аад оны эхнээс улс төрийн намуудыг хориглосон Эсватини улсын иргэд ардчилсан засаглалыг шаардан тэмцсэн байна. 

2018 он хүртэл Свазилэнд нэртэй байсан Эсватини улсыг Мсвати хаан 1986 оноос хойш буюу 18 настайгаасаа эхлэн захирч байгаа.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Мозамбик улстай хил залгадаг, далайд гарцгүй, Африкийн хамгийн жижиг улсуудын нэг Эсватини нь 1.3 сая хүн амтай. Тус улсын хаан парламент, засгийн газраа бүрэн хянадаг.

Эсватини нь бас Тайвань аралтай дипломат харилцаагаа хадгалж үлдсэн Африкийн цорын ганц улс юм.

Энэ оны эхээр коронавирусийн халдвар авсан Мсвати хаан Тайваниас илгээсэн вирусийн эсрэг эмний ачаар эдгэрснээ мэдэгдэж байжээ.

Эсватинид засгийн газрын эсрэг бослого хөдөлгөөн гарах нь ховор. Гэхдээ 53 настай хааныхаа тансаглалыг ихэнх нь ядуурлын нөхцөлд амьдардаг иргэд тэвчээгүй байна.

2019 онд тус улсын төрийн албан хаагчид улсынхаа сан хөмрөгийг хоосолсон хаанаа эсэргүүцэн тэмцэж байжээ.

Мсвати хаан 15 хатантай бөгөөд тэдний хэрэглээнд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Эсватинигийн өмнөх хаан 125 хатантай байсан гэдэг.

 

Эх сурвалж: AFP