Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Евро 2020: Швейцарчууд дэлхийн аварга Францын шигшээ багийг нутаг буцааж, түүхэн амжилт гаргалаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Евро 2020 тэмцээний шөвгийн 16-д шалгараад байсан Франц, Швейцарийн шигшээ багуудын тоглолт өнгөрсөн шөнө Румыний нийслэл Бухарест хотод болж өнгөрлөө.

Мэргэжилтнүүдийн ихэнх нь уг тоглолтод дэлхийн аварга Францын шигшээ баг ялна гэдэгт итгэлтэй байсан юм. Гэтэл санаанд оромгүй явдал болж Швейцарийн шигшээ баг ялалт байгуулжээ.

Энэ тоглолт одоогоор Евро 2020 тэмцээний хамгийн том дуулиан болоод байна.

Тоглолтын үндсэн цаг дуусахад 10 минут дутуу байхад Францчууд 3 гоолтой тэргүүлж байсан юм. Энэ үед Швейцарчууд ганцхан гоолтой байлаа.

Францын тоглогч Бензема хоёр, Погба нэг гоол хийгээд байжээ. Гэтэл тоглолтын 81 дэхь минутад Швейцарийн Сеферович хоёр дахь гоолоо хийж, 90 дэхь минутад Гавранович дахин нэг гоол хийснээр үндсэн цагт хоёр баг 3:3 харьцаагаар тэнцсэн байна.

Ингээд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Францын залуу од Килиан Мбаппе ганцаараа гоол хийж чадаагүй юм.

 

Ингээд үндсэн цагт 3:3 харьцаагаар тэнцэж, торгуулийн цохилтыг 5:4 харьцаатай гүйцэтгэсэн Швейцарийн шигшээ баг Евро 2020 тэмцээний шөвгийн наймд үлдэж, Францын шигшээ баг хасагдаж байна.

Швейцарын хувьд энэ бол түүхэн үйл явдал юм. 1938 оноос хойш өнөөдрийг хүртэл тэд ганцхан удаа тив дэлхийн том тэмцээний хасагдах шатанд шалгарсан нь 1954 онд тохиож байв. Тухайн үед Швейцар улс дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байжээ.

Одоо Швейцарчууд энэ долоо хоногийн Баасан гарагт Испанийн шигшээ багтай шөвгийн наймын шатанд өрсөлдөх юм.

 

Эх сурвалж: BBC