Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Колумбийн ерөнхийлөгчийн нисдэг тэрэг рүү гал нээсэн этгээдийг олоход тусалсан хүнийг $800,000-аар шагнана

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Колумби улсын засгийн газар тус улсын ерөнхийлөгч Иван Дукегийн хөлөглөж явсан нисдэг тэрэг рүү гал нээсэн хүнийг олоход тусалбал $800,000-тай тэнцэх шагнал өгөхөө амлажээ.

Баасан гарагт ерөнхийлөгчийн нисдэг тэрэг Венесуэлийн хилийн ойролцоо Кукута хотод газардахаар ойртох үед хэн нэгэн нууц газраас гал нээсэн юм. Нисдэг тэргэнд ерөнхийлөгч Дукегээс гадна дотоод хэргийн сайд Даниэл Паласиос, батлан хамгаалахын сайд Диего Молано зэрэг албаны хүмүүс байжээ.

Гал нээх үеэр хүний амь нас эрсдээгүй, шархдаагүй ч нисдэг тэрэгний сүүл, сэнс зэрэгт хэд хэдэн сум туссан байна.

Халдлагын дараа Кукута хотын орчмын айл өрх, албан байгууллагуудад нэгжлэг явуулахад нэг АК-47, нэг 7.62 калибрийн винтов буу олдсон тухай Колумбийн үндэсний цагдаагийн газрын дарга, генерал Хорге Варгас мэдээлжээ.

Колумбийн консерватив ерөнхийлөгч Иван Дуке хөрш Венесуэлийн социалист ерөнхийлөгч Николас Мадурог босогчдыг зэвсэглэж, засгийн газрынх нь эсрэг турхирдаг гэж байнга буруутгадаг.

2018 онд Дукег ерөнхийлөгч болсны дараа хоёр улс дипломат харилцаагаа тасалж байв.

FARC партизаны бүлгийн үлдэгдэл болон бусад зэвсэгт бүлэглэлүүд Венесуэлийн хил дагуу кокайны наймааны урсгалыг хянахаар өрсөлддөг. Колумбийн засгийн газар 2016 онд FARC бүлэгтэй энхийн гэрээ байгуулснаар олон жил үргэлжилсэн иргэний дайн өндөрлөж байв.

Халдлагын дараа Дуке “Бид ямар ч хүчирхийлэл, террорист үйлдлээс айхгүй. Манай улс хүчирхэг” гэж мэдэгджээ.

Баасан гарагийн халдлагын дараа НҮБ, АНУ, Европын Холбоо, Латин Америкийн хэд хэдэн улс харамсал илэрхийлсэн байна.

Дэлхийн хамгийн том кокайн экспортлогч гэгддэг Колумби улсад сүүлийн жилүүдэд аллага, хүчирхийлэл тасрахгүй байгаа.

Зургаадугаар сарын 16-ны өдөр Кукута хотын ойролцоох цэргийн баазад автомашинд тавьсан бөмбөг дэлбэрснээс 36 хүн шархдсан юм. Уг баазад АНУ-ын мэргэжилтнүүд хар тамхитай хийх тэмцэлд Колумбийн цэргүүдийг сургаж байжээ.

Хамгийн сүүлд 2003 онд Колумбийн ерөнхийлөгчийн амь насыг хөнөөх оролдлого гарсан юм. Тус улсын баруун өмнөд Нейва хотод ерөнхийлөгчийг зочлох үеэр нисэх буудалд нь бөмбөг дэлбэрч байжээ. Бөмбөг ерөнхийлөгч Алваро Урибег ирэхийн өмнө дэлбэрсэн ч 15 хүн алагдаж, 66 хүн шархдсан байна.

 

Эх сурвалж: AFP