Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Флоидын амийг бүрэлгэсэн цагдаа 22.5 жилийн хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Миннесота мужийн шүүх иргэн Жорж Флоидын амийг бүрэлгэсэн цагдаагийн офицер Дерек Шовинд 22.5 жилийн хорих ял оноох шийдвэрийг Баасан гарагт гаргажээ.

2020 оны тавдугаар сард Миннеаполис хотын гудамжинд тэр хохирогчийг баривчлах үеэрээ хүзүүн дээр нь өвдөглөж дарсны улмаас амийг нь хөнөөсөн юм.

Энэ хэргийн дүрс бичлэг сошиал ертөнцөд тарсны улмаас Америкт төдийгүй дэлхий даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл өрнөж байв.

Прокурорууд 45 настай Шовинд 30 жилийн хорих ял оноох хүсэлт гаргасныг шүүх 22.5 жил болгон бууруулжээ.

Шовиний өмгөөлөгч Флоидын аллагыг “үүргээ гүйцэтгэх явцад санамсаргүй алдаа гаргасан” гэх үндэслэлээр тэнсэн харгалзах ял оноох хүсэлт гаргаад байв.

Хэрэг гардаг өдөр Миннеаполис хотын нэгэн дэлгүүрээс хуурамч $20-ын дэвсгэртээр үйлчлүүлсэн африк гаралтай эрэгтэйн тухай мэдээлэл иржээ.

Энэ үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Шовин бусад гурван цагдаагийн хамт дэлгүүрт ирж, сэжигтэн 46 настай Жорж Флоидыг ойролцоох гудамжнаас баривчилсан байна.

Ингэхдээ гартаа гавтай Флоидыг газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь есөн минутын турш өвдөглөсөн нь үхэлд хүргэсэн юм.

Шовинтай хамт үүрэг гүйцэтгэж байсан гурван офицер сүүлд ажлаасаа халагдсан байна. Тэднийг Шовиний аллагад дэмжлэг үзүүлсэн хэргээр ирэх онд шүүх ажээ.

 

Эх сурвалж: Reuters