Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Майами хотын ойролцоо орон сууцны барилга нурж, 100 орчим хүн сураггүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн шөнө АНУ-ын Флорида мужийн Майами хотын ойролцоо орон сууцны барилга нурснаас нэг хүн амь үрэгдэж, 99 хүн сураггүй болсон байна.

Тодруулбал Майами хотын дагуул хот Сурфсайдад оршдог 12 давхар орон сууц учир битүүлэг шалтгаанаар нуржээ.

Аврах ажиллагаанд 80 гал сөнөөгч дайчлагдаж, орон сууцнаас 53 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэдгээрийн 10 нь бэртэж гэмтжээ.

Цаашдаа амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэхээр байгааг Флорида мужийн онцгой байдлын алба мэдээлж байна.

Флорида мужийн захирагч Рон ДэСантис гамшгийн газарт ирж, нөхцөл байдалтай танилцжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн эрх баригчидтай утсаар холбогдож, холбооны засгийн газрын тусламжийг санал болгосон байна.

Сүүлийн өдрүүдэд барилгын дээвэр дээр засвар хийж байсныг оршин суугчид мэдээлжээ. Гэхдээ барилга нурсныг үүнтэй холбож тайлбарлахад эрт байгааг эрх баригчид мэдэгдсэн юм.

Далайн эрэг рүү харсан цонхтой, аялал жуулчлалын бүсэд байрладаг уг орон сууц нь 100 гаруй айлтай, 1981 онд ашиглалтад орсон юм байна.

 

Эх сурвалж: Associated Press