Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани Windows 11 үйлдлийн системээ танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компани “шинэ үеийн” гэж нэрлэсэн Windows 11 үйлдлийн системээ өчигдөр виртуал орчинд албан ёсоор танилцуулжээ.

Шинэ систем нь хэрэглэгчийн интерфэйсийг энгийн, ойлгомжтой болгож, шинэ Windows аппликэйшний дэлгүүртэй болж, ажиллагаа нь хурдтай, хөнгөн болсноороо онцлог гэнэ.

Мөн Windows 11 нь анх удаа Андроид аппликэйшнүүдийг Windows дэсктоп дээр ажиллуулдаг болжээ.

Хэрэглэгчдийн хамгийн их гомдол гаргадаг аюулгүй байдлын шинэчлэлийг (security update) бага хэмжээтэй, хурдтай, ар талд (background) ажилладаг болгосон тухай Майкрософтын бүтээгдэхүүний менежэр Панос Панаи тайлбарласан юм.

Үүнээс гадна Mac үйлдлийн системтэй адил ажлын, гэрийн, тоглоомын дэсктоп горимуудыг нэг компьютер дээр  тохируулах боломжтой болжээ.

Майкрософтын мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар 1.3 тэрбум төхөөрөмж Windows 10 үйлдлийн системийг хэрэглэж байгаа гэнэ.

Шинэ Windows 11 системийн хөгжүүлэгчдэд зориулсан туршилтын хувилбарыг ирэх долоо хоногт гаргахаар болжээ.

Одоогийн Windows 10 хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр Windows 11 систем рүү шилжих боломжтой гэнэ.

Гэхдээ компьютерийн үзүүлэлт үүнд гол шалгуур болох юм байна. Windows 11 систем ажиллах компьютер нь хамгийн багадаа 64 GB диск, 4GB шуурхай санах ойтой (RAM) байх юм.

Windows 11 системийг хэрэглэхэд хамгийн түрүүнд мэдэгдэх өөрчлөлт нь “Start” товч байх гэнэ.

Одоо энэ товч дэлгэцийн доод хэсгийн зүүн гар талд байрладаг бол шинэ системд төвдөө шилжжээ.

 

Шинэ систем нь Майкрософтын харилцаа холбооны Teams платформтой нягт интеграцчилагдсан байх ба Xbox Games Pass сарын хураамжтай үйлчилгээг авбал олон зуун тоглоом бүхий санд хандах эрх нээгдэх гэнэ.

Windows 10 системийг Майкрософт 2015 онд танилцуулахдаа хамгийн сүүлчийн хувилбар гэж зарлаж байв.

Харин одоо Windows 10-ын хөгжүүлэлтийг 2025 онд зогсоохоор болжээ.

Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла шинэ системээ “Windows-ийн түүхэн дэх томоохон дэвшил” гэж нэрлэсэн юм.

Харин хөндлөнгийн шинжээчид Windows 11 системийг “хувьсгал” болж хараахан чадахгүй гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: BBC