Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Залуу малчдын 23% нь хүүгээ, 0.5% нь охиноо малчин болгох хүсэлтэй байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгааны дүнг танилцуулахаар салбар яамд, тэдгээрийн харьяа агентлаг, 21 аймгийн ЗДТГ-ын төлөөллийг оролцуулсан салбар дундын хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооноос өчигдөр зохион байгууллаа.

Тус судалгаанд зургаан аймгийн 24 сумын нийт 924 залуу малчин, хөдөө, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулж, үр дүн, дүгнэлтэд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулсан байна.

Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж эрэгтэйчүүд давамгайлахаас гадна залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг дээрх болон энэ чиглэлээр хийсэн судалгаанууд нотолдог. Үүний шалтгааныг хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын бодит үр дагавар гэж судалгааг хийсэн мэргэжлийн судлаачид онцолж байна.

Түүнчлэн таамаглал, дам яриа биш нотолгоонд суурилсан, амьдралд хэрэгжихүйц, урт настай бодлого үгүйлэгдэж байгааг ч хэлэв.

Залуу малчдын гэрлэлтийн асуудал

Судалгаанаас гол анхаарал татсан нэг зүйл нь залуу малчдын гэрлэлтийн асуудал буюу сүүлийн 10 жилийн хугацаан дахь гэрлэх насны ганц бие эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10-13 хувиар өндөр байсныг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэлэв.

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Өнөөдрийн семинараар танилцуулсан судалгаа, бодлогын зөвлөмж нь цаг үеийн, ач холбогдол бүхий тоо баримт ихтэй, хангалттай мэдээлэл түгээж чадлаа” гэв.

Залуу малчин эрэгтэйчүүд малын тоо толгойгоо өсгөж, айл гэр болж юугаар ч дутахгүй сайхан амьдрах хүсэлтэй. Тухайлбал, Өвөрхангай аймгийн ганц бие залуу малчин “Манай хөдөөд бол охид цөөрсөн, ихэнх нь сурч, ажиллахаар хот хүрээ гээд яваад өгсөн” хэмээн бодит байдлыг өгүүлжээ.

Учир нь малчид охидоо малчин болгох хүсэлгүй, юун түрүүнд мэргэжил боловсролтой болгож хот суурин газар бараадуулахыг илүүд үзэж байна. 

Цаашид малчин мэргэжлийг сурталчлах, жендэрийн статистик, судалгааны баримтад суурилсан амьдралд хэрэгжихүйц дэмжих бодлого хэрэгтэй гэсэн судлаачдын дүгнэлтэд оролцогч талууд санал нэгдсэн юм.

Судалгаанд оролцсон малчин залуусын 22.7% нь хүүгээ малчин болгоно гэсэн бол ердөө 0.5% нь охиноо энэ замаар явуулах хүсэлтэй гэж хариулснаас энэ ойлголт тодорхой харагдаж байна.

Охид ч мөн нутаг буцах сонирхолгүй, тогтмол цалинтай, ажилтай залуутай гэр бүл болох хүсэлтэйг судалгаа харуулжээ. Сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс даруй 80 гаруй хувиар бага байгаа нь үүнийг батлах юм. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээг хэрэгжүүлбэл дээрх зөрүү багасахыг судлаачид хэллээ.

Залуу малчид хүүхдээ сургахын тулд

Залуу малчдад тулгарч буй бас нэгэн асуудал бага сургуулийн хүүхдээ сургуульд сургахаар ээж нь төв суурин газарт хүүхдүүдтэйгээ, аав нь хөдөө малаа маллан амьдрах үзэгдэл сүүлийн 10 жилийн хугацаанд 40 хувиар нэмэгдсэнийг судлаачид тэмдэглэв.

Залуу малчид ийнхүү тусдаа амьдрах болсноор эмэгтэй малчид голлон гүйцэтгэдэг сааль саах, сүү цагаан идээ бэлтгэх, боловсруулах зэрэг МАА-н үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаа саарч, малаас авах ашиг шим тэр хэрээр буурч байгаа гэж дүгнэжээ.

Шийдлийн хувьд судлаачид асуудал тухай бүрт бодлогын зөвлөмж бэлтгэснээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Байгаль орчин, аялал жуулчлал, Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухааны яамдад танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтдөө тусгаж ажиллахыг уриаллаа. 

 
ЖҮХ

Судлаачдын баг бодлогын зөвлөмжийг дараах найман чиглэлээр боловсруулсан байна. 

  1. Малчдын залуу халаа үеийг бэлтгэх, хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх, чадваржуулах чиглэлд
  2. Залуу эрэгтэй, эмэгтэй малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд
  3. Өрх, гэр бүл дэх жендэрийн уламжлалт бүтэц, соёлыг өөрчлөх чиглэлд
  4. Газар эзэмших, өмчлөх, бэлчээрийн хомсдлыг бууруулах чиглэлд
  5. Банк, санхүүгийн үйлчилгээ авах, санхүүгийн боловсролыг ахиулах чиглэлд
  6. Эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд
  7. Боловсролын үйлчилгээний хүрээнд
  8. Гэр бүл, гэрлэлтийн хүрээнд

Уг судалгааг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. 

Мөн энэхүү төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж байгаа билээ.

Улмаар хэлэлцүүлгийн оролцогч талуудад зөвлөмжийг танилцуулж, залуу малчдад тулгарч буй асуудлуудыг өөрсдийн эрхэлсэн чиг үүргийн хэмжээнд салбарын бодлогодоо тусгаж ажиллахыг уриалсан онцлогтой байв. 

 
ЖҮХ