Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Компьютерийн вирусны эсрэг программ бүтээгч Америк бизнесмэн Жон Макафи гадаадын шоронд амиа хорложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Компьютерийн вирус устгагч программыг анх бүтээгчдийн нэг Америк бизнесмэн Жон Макафи өчигдөр Испани улсын шоронд амиа хорлосныг албаныхан мэдээлжээ.

75 настай Макафигийн цогцос Барселона хотын ойролцоох шоронгийн өрөөнөөс олдсон тухай Каталониа мужийн хуулийн байгууллагын төлөөлөгч өчигдөр мэдээлсэн байна.

2020 оны аравдугаар сард түүнийг Истанбул хот руу нисэх гэж байхад нь Барселона хотын нисэх буудлаас баривчилж байжээ. АНУ-ын засаг захиргаа Макафиг 2014-2018 оны хооронд олсон орлогынхоо татварыг төлөхөөс зугтсан хэргээр баривчлуулсан юм. Тэрбээр зөвлөх үйлчилгээ, криптовалютын арилжаа, амьдралынхаа түүхийг бичих эрхийг зарах зэргээр олсон $12 сая орчим хэмжээний орлогоо нуун дарагдуулсан гэгдэж байна.

Испанийн шүүх өчигдөр түүнийг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэр гаргаад байжээ.

Хэрвээ шүүхээр буруутай нь тогтоогдвол тэр 30 хүртэл жил шоронд хоригдох болоод байв.

Каталониа мужийн шоронгийн захиргаа Макафигийн шарилд задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоох ажлыг эхлүүлжээ.

1980-аад оны үед компьютерийн вирус устгагч “McAfee” нэртэй программыг бүтээж хөрөнгөжсөн Жон Макафи сүүлийн жилүүдэд криптовалютын мэргэжилтэн болж, өдөрт $2,000 олдог тухайгаа зарлаж байсан юм.

“АНУ-ын эрх баригчид Жоныг шоронд үхүүлэх зорилготой байна. Хэвлэл мэдээллээр түүнийг байнга доромжилж, Америкт шударгаар шүүгдэх ямар ч найдвар үлдсэнгүй” гэж түүний эхнэр Жэнис өнгөрсөн Ням гарагт твиттер хуудсандаа бичиж байжээ.

 

Эх сурвалж: AFP