Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн топ циркчин" тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэгээр А.Уранбилэг шалгарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач А.Уранбилэг “Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцон шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгараад байна.

Тус тэмцээнийг Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулж байгаа юм. Орон орны мэргэжлийн циркийн жүжигчид шүүж буй тус тэмцээн нь 2020 оны зургаадугаар сараас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр эцсийн шатны шалгаруулалт нь дуусах аж. 

Монгол Улсаас оролцож буй уран нугараач А.Уранбилэг одоогийн байдлаар шүүгчдээс хамгийн их санал авч нэгдүгээрт бичигдсэнээр шилдэг зургаан оролцогчийн нэг болсон байна.

Шилдгийн шилдэг оролцогчийн үзүүлбэрийг зургаадугаар сарын 28-н хүртэл тэмцээний албан ёсны суваг болох Youtube/cirqueLIFE channel дээрх Like-ын тоогоор шалгаруулах тул эх орныхоо нэрийг олон улсад мандуулж буй уран нугараач А.Уранбилэгийн үзүүлбэрт Youtube сувгаар нэвтэрч like дарж дэмжихийг уриалж байна.

А.Уранбилэг нь зургаан настайгаасаа хойш 20 гаруй жил мэргэжлийн уран нугараачаар ажиллаж, Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа авьяаслаг, чадварлаг бүсгүй юм.

Ташрамд дурдахад, тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг наймд шалгарч байв.