Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хулан: Монгол орныг олон төсөл хөтөлбөрөөр тогтвортой дэмждэг Люксембург улсын нийт ард иргэддээ талархал илэрхийлье

ikon.mn
2021 оны 6 сарын 23
Сурталчилгаа

Монгол улсад өндөр хөгжилтэй хүчирхэг гүрнүүд дипломат харилцааныхаа хүрээнд олон төрлийн тусламж дэмжлэг үзүүлдэг. Үүнээс заавал онцлон тэмдэглэх ёстой орон бол Люксембургийн Их Гүнт Улс. Энэ жил хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоосны түүхт 45 жилийн ой тохиож байгаа юм. Люксембург улсын засгийн газар Монгол улсад нийт 23.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олон чиглэлийн төсөл хэлбэрээр дамжуулан хэрэгжүүлсэн. Энэ талаар Люксембург улсын өргөмжит консул, Таван Богд Группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч хатагтай Д.Хулантай ярилцлаа.

 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 оны 7 дугаар сарын 11-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Таны хувьд 2008 оноос эхлэн Люксембург улсын өргөмжит консулаар ажиллаж эхэлсэн. Яагаад энэ улсын өргөмжит консулаар ажиллах болсон шалтгаанаас яриагаа эхэлье гэж бодлоо?

Баярлалаа, Танд болон нийт уншигч түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өргөмжит консулаар ажиллах болсон шалтгаан аавтай минь холбоотой. Миний аав дипломатч, Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан хүн, тэр ч утгаараа охиноо энэ чиглэлд ажиллаасай гэж их хүсдэг байсан. Гэхдээ би анхнаасаа бизнесийн байгууллагад ажиллаж ирсэн. Харин сүүлд 2008 онд Гадаад хэргийн яамнаас өргөмжит консулаар ажиллах санал тавьсан юм. Би өөрөө банк санхүүгийн суурьтай хүн учраас Люксембургийн Их Гүнт Улсын өргөмжит консулаар ажиллах нь сэтгэлд их нийцсэн. Учир нь Люксембург улс Европын орнууд дундаа банк санхүүгийн төв гэж тооцогддог, туршлагатай орон. Ингээд 2008 онд тухайн үеийн Люксембургийн ерөнхий сайд Жан-Клод Юнкер Монголд айлчилж ирээд албан ёсоор Люксембургийн өргөмжит консулын газрыг нээж, намайг Люксембургийн өргөмжит консулаар томилсон түүхтэй.

 

-Та Монгол улсад Люксембургийн өргөмжит газар анх нээгдсэнээс эхлээд одоог хүртэл 13 жилийн турш өргөмжит консулаар ажиллаж байгаа юм байна. Манай хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа ямар түвшинд явагдаж байгаа вэ?

Люксембург нь далайд гарцгүй, 600 мянга гаруй хүн амтай, баруун Европын хамгийн жижиг улс хэдий ч  нэг хүнд ногдох ДНБ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хөгжсөн улсуудын нэг. Түүнчлэн Европын холбоондоо маш нөлөө бүхий улс. Люксембург улсад Европын холбооны дээд шүүх нь байршдаг, мөн саяхныг хүртэл Европын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг Люксембургийн ерөнхий сайд байсан Жан-Клод Юнкер гуай хашиж байсан. Энэ утгаараа Монгол Улс Европын холбоотой хамтын ажиллагаа өрнүүлж, хөгжүүлэхэд Люксембург улс маш их түлхэц болсон. Жишээ нь, Монгол улс Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны гишүүнээр хүлээн зөвшөөрөгдөхөд Голланд, Люксембург зэрэг орнууд дэмжиж, туслалцаа үзүүлж байлаа. Мөн Люксембург улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар манайд олон төсөл амжилттай хэрэгжсэн. Үүнд:

  • Банк санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх төсөл
  • Зүрх судасны эрүүл мэндийн салбарын төсөл
  • Жирэмсэн эх болон нярайн эрүүл мэндийн салбарын төсөл
  • Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын газарт зориулсан төсөл   

гэх мэт олон төсөлд тууштай хамтарч ирсэн. 2007 оноос эхлэн НҮБ-ын Хүн амын сангаас Люксембург Улсын засгийн газартай хамтран Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгын хүрээнд эх нярайн чанартай тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг дэмжих “Зайн оношилгооны төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд Монгол орны алслагдмал нутагт амьдарч буй жирэмсэн эхчүүд өөрийн аймагтаа онлайн сүлжээгээр эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах, эх нярайн амь насыг аврах тусламж үйлчилгээнд хамрагдах болсон. Энэ мэтчилэн Люксембургийн ард түмний татварын мөнгөөр бүтсэн олон сайхан ажил байгаа.

 

-Иргэдийнхээ татварын мөнгөөр өөр улс орныг хөгжүүлэхийн төлөө олон жил буцалтгүй тусламж үзүүлж, төсөл хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай. Люксембург улс Монгол улсад ийм сайхан элгэмсэг хандаж, тууштай дэмждэг шалтгаан нь юу вэ?

Тухайн улсын маань засгийн газар ДНБ-ийхээ нэг хувьтай тэнцэх тусламжийг жил болгон хөгжиж буй орнуудад үзүүлнэ гэсэн зорилготой ажилладаг. Гэхдээ мэдээж үр дүнгүй зүйлд тусламж үзүүлэхгүй. Тиймээс хэрэгжиж буй төслийн тайлагнал хамгийн чухал. Тухайн ард түмний татварын мөнгө хэрхэн зөв зүйтэй зарцуулагдаж байна? ямар үр дүн гарав? гэдэгт их анхаардаг. Үр дүн сайн байх тусам дараа дараагийн төслөөр хамтран ажиллах боломж нээгдэнэ гэсэн үг. Дээр дурдсан зүрх судасны төсөл л гэхэд анх нэг удаагийн буцалтгүй тусламж л байсан. Төслийн үр дүн сайн байсан, түүнийгээ сайн тайлагнаж чадсан учир 20 жил үргэлжилсэн том төсөл болоод явж байгаа юм. Энэ төслийн үр дүнг зүрх судасны өвчлөлтэй Монгол иргэн бүр хүртэж, энэ өвчнөөр нас барах иргэдийн тоо жил бүр буурч байна. Энэ л хамгийн гол шалтгаан.

-Люксембург улс хүн ам цөөтэй, далайд гарцгүй, маш жижиг улс хэр нь яаж ийм өндөр хөгжилтэй орон болсон бэ? Монгол улс бодлогын хувьд болон монгол хүний хувьд суралцах ёстой зүйл нь юу вэ?

Люксембург улсын засгийн газар маш цомхон бүрэлдэхүүнтэй хэр нь маш өндөр бүтээмжтэй ажилладаг. Мөн бодлогын хувьд прагматик байх зарчмыг баримталдаг улс. Жишээ нь, Засгийн газрын нэг сайд нь хоёр гурван яамны сайдаар зэрэг ажилладаг үе ч байсан. Яагаад гэхээр хүн ам нь цөөхөн, эргэн тойронд нь Франц, Герман, Бельги гэсэн маш хүчирхэг гүрнүүд оршдог. Тусгаар тогтнолоо авч үлдэж, тогтвортой оршин тогтнохын тулд иргэн нэг бүр нь ур чадвар сайтай, бүтээмж өндөртэй байж л хүчирхэг эдийн засагтай энэ улсыг бүтээж байгаа юм. Люксембург улс анх уул уурхай, нүүрс, төмрийн чиглэлийн үйлдвэрлэлээр эдийн засгаа хөгжүүлж эхэлсэн. Үүний дараагаар санхүүгийн системээ Европын хөрөнгө оруулалтын сан болон банкнуудад зориулж үйл ажиллагаа болон хуулийн талаас нь маш чөлөөтэй, ойлгомжтой орчин бүрдүүлсэн. Ингэснээр эдгээр байгууллагууд өөрсдийн салбар, төв оффисоо Люксембург улсад нээж санхүүгийн зах зээл нь дэлхийд тэргүүлэх хэмжээнд ирсэн юм. Дараагийн алхам нь далайд гарцгүй орон учир агаарын каргог хөгжүүлж, Европ даяар үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд дижитал чиглэлд ихээхэн анхаарч байгаа. Нэг жишээ дурдахад, 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Асем чуулганд оролцохоор ирсэн Люксембург улсын Ерөнхий сайд Завиар Бэттэл Амазоны европыг хариуцсан захиралд утсаар “Танайх Европ дахь төвөө манай улсад нээвэл, бид хууль эрх зүйн бөгөөд бүх төрлийн татварын таатай нөхцөлөөр дэмжихэд бэлэн” гэж хэлсэн тухайгаа ярьж байсан. Та улсын Ерөнхий сайд байж яагаад хувийн компанийн захиралтай өөрөө ярьж байгаа юм бэ гэж асуухад “Хэрэв Амазон манайд байгуулагдвал 2000 ажлын байр шинээр бий болно, энэ бол манай улсад хамгийн хэрэгцээтэй зүйл. Улсынхаа хэрэгцээт зүйлийн төлөө би ярих ёстой, энэ миний ажил” гэж хариулж байлаа. Энэ бол тухайн улсыг удирдаж буй хүмүүсийн хандлагыг илэрхийлэх жишээ юм.

 

-Хүн ам цөөтэй хэр нь хүчирхэг улс болж хөгжихийн тулд иргэн бүрийн оролцоо чухал. Таны ярианаас Люксембург улсын иргэдийн боловсролын түвшин нэлээд өндөр байх гэсэн төсөөлөл буулаа. Та энэ талаар яриач?

Тэгэлгүй яах вэ, боловсролын систем аль ч оронд маш чухал асуудал. Люксембургийн албан ёсны хэл гэхэд л гурван хэл байдаг. Люксембург хэл, Герман хэл, Франц хэл дээр нь нэмээд Англи хэл. Ингээд дөрвөн хэлээр бүх иргэн нь жигд чөлөөтэй ярьдаг. Хэлтэй бол хөлтэй гэж манай ард түмэн ч ярьдаг. Люксембург улсын иргэдийн суурь боловсрол нь сайны дээр олон хэл дээр сурч боловсорч, мэдлэг мэдээллээ дээшлүүлдэг хүмүүс. Мөн хамгийн гол зүйл бол бага балчир үеэс нь эхлээд л хүн бүр хичээж, бүтээмж өндөртэй ажиллаж, амьдрах ёстой гэдгийг ухамсарт нь суулгасан байдаг. Бид ч гэсэн багаас нь хүүхдийнхээ ухамсарт иргэн бүр хичээл зүтгэлтэй, аливаа асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандаж, бүтээмж өндөртэй ажиллах ёстой гэдгийг суулгаж чадвал улс орон маань үсрэнгүй хөгжих том суурь нь болно.

 

-Манай хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас нэлээд олон оюутан залуус Люксембург улсад суралцсан юм байна лээ. Ямар шалгуураар сонгон суралцуулдаг байсан бэ?

Люксембург улс Европын орнууд дундаа банк санхүүгийн төв гэж тооцогддог, туршлагатай орон гэж би дээр хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол улсаас 1400 орчим залуус Люксембург улсад банк санхүүгийн чиглэлээр суралцсан бөгөөд жилд дунджаар таван хүн тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалж, дадлага хийдэг. Тэнд суралцсан хүүхдүүд маань одоо эх орныхоо банк санхүүгийн салбар дахь шинэ үеийн төлөөлөл болж үр бүтээлтэй ажиллаж байгаа. Мөн Люксембургийн Элчин сайд Карло Кригер арваад жилийн турш хувиасаа жил болгон нэг Монгол хүүхдийг оюутан солилцоогоор Люксембургт суралцуулдаг байлаа. Сонгон шалгаруулалт хийх процесс их энгийн. Мэдээж тухайн хүүхдийн сурлага, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл ямар түвшинд байгааг харна. Түүнээс гадна Люксембург улсын талаас гадаад оронд очиж үзээгүй хүүхэд сонгохыг зорьдог. Аль хэдий нь гадаад оронд очоод үзчихсэн хүүхэд очиж үзээгүй хүүхдээс илүү юм үзэж, нүд тайлсан байгаа. Тэр утгаараа нэг ч гэсэн хүүхдийн нүдийг нээж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлье гэсэн гүн утга агуулж байгаа юм.

-Дипломат харилцаа маань цаашид ямар түвшинд хэрхэн үргэлжлэх вэ? Хоёр орны хооронд байгуулсан давхар татварын гэрээг Монгол улсын талаас цуцалсан, энэ асуудал дээр өргөмжит консул таны байр суурь?

Манай улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 4000 ам.доллар давчихаар ядуу буурай орны ангиллаасаа гарчхаж байгаа юм. Үүнийг дагаад бусад улс орноос ирэх зээл, тусламжийн санхүүжилт буурдаг. Харин Люксембург улс манай оронд маш элгэмсэг хандаж, байр сууриа өөрчлөлгүйгээр биднийг олон жил тууштай дэмжиж байна. Мэдээж энэ нь хэрэгжүүлж буй төслүүд амжилттай байгаагийн үр дүн гэдгийг давхар дурдах ёстой. Цаашид ч төслүүд үргэлжлээд явна. Давхар татварын гэрээ цуцлагдсан нь маш харамсалтай. Манайх Голланд, Кувейт, Люксембург гэсэн гурван улсын давхар татварын гэрээг цуцалсан. Үүнийг Люксембургийн сангийн яам, гадаад хэргийн яам маш эмзэг хүлээж авсан л даа. Учир нь тухайн улс маань өөрөө бизнесийн байгууллагуудад зориулсан татварын таатай орчныг бүрдүүлэхэд маш их анхаардаг. Мөн дээр нь бусад улс орнууд барьцаж, гэрээ цуцлах асуудал яригдах эрсдэл үүсэж байгаа юм. Одоо ч Люксембургийн зүгээс гэрээний асуудлаар хүсэлт тавьдаг. Монгол улсын талаас гаргасан шийдвэрээ дахин нэг эргэж харж, хэлэлцээр хийж, давхар татварын гэрээг сэргээх хэрэгтэй.

 

 

Та Таван Богд Группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн ажлынхаа хажуугаар өргөмжит консулын ажлаа хийхэд ямар нэгэн хүндрэл гардаг уу? Ер нь хэр удаан ажиллахаар төлөвлөж байна?

Бусад улсын өргөмжит консултай харьцуулахад ачаалал харьцангуй бага. Яагаад гэхээр Монголд суурин амьдардаг Люксембургийн нэг л иргэн байдаг. Тухайн хүндээ болон аяллаар ирж буй бусад хүмүүст шаардлагатай асуудлууд дээр нь туслах, дэмжих, зохицуулах байдлаар ажилладаг. Мөн би Бээжин дэх Люксембургийн элчин сайдын яаманд хамааран ажилладаг тул тийшээ онлайнаар холбогдоод ажлаа амжуулчихдаг учир хүндрэл байхгүй. Охиноо дипломатч болгохыг хүссэн аавынхаа мөрөөдлийг биелүүлэх, мөн нүдэнд ил харагдах бодит үр дүнтэй энэ олон төслийг цааш үргэлжлүүлье гэх миний өөрийн чин сэтгэл байгаа учраас цаашид ч ажиллах болно.

 

-Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Уншигчид маань Люксембург улс болон хоёр орны хамтын ажиллагааны талаар товчхон бөгөөд тодорхой мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?

Өнөөдөр Люксембург улсын үндэсний баярын өдөр. Бид өнгөрсөн жилүүдэд энэ өдөр хүлээн авалт зохион байгуулж, Люксембург улсыг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ жилийн хувьд цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа учраас арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байна. Би Люксембург улсын өргөмжит консулын хувьд Люксембург улсын нийт ард иргэддээ болон тэдний тус дэмийг авч байгаа Монгол хүн бүрд үндэсний баярын мэнд дэвшүүлмээр байна. Түүнчлэн Монгол оронд элгэмсэг хандаж, олон төсөл хөтөлбөрөөр тогтвортой дэмжин тусалдаг та бүхэндээ гүн талархал илэрхийлье! Сайхан цаг үе мөдхөн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.