Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Уранчимэг: Орхон аймагт коронавирусийн мутацилагдсан хувилбар илэрсэн

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Орхон аймгийн Онцгой комиссоос коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Орхон аймгийн ЭМГ-ын шуурхай штабын зөвлөх эмч, тархвар судлаач Л.Уранчимэг "Орхон аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн сорьцыг \188 сорьц\ шинжилгээнд хамруулахад 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл Орхон аймагт мутацилагдсан хувилбар илэрсэн. Үүнийг иргэдэд мэдээлэхгүй бол болохгүй.

Дэлхий дээр альфа (αCoV), бетта (βCoV), дельта (δCoV) ба гамма (γCoV) гэсэн коронавирусийн дөрвөн төрлийн мутаци тархаад байна. Мутацилагдсан вирусийн халдварлах чадвар өндөр байдаг. Иймд иргэд та бүхэн аль болох гадуур гарахгүй байж, амны хаалтыг хоёр цаг тутам сольж, бусад хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байхыг зөвлөж байна.

Судалгаа байнга хийгдэж байгаа учир ямар шинж тэмдэг илэрч байгааг ч мөн судална гэсэн үг. Ингээд харахаар өнгөрсөн 11 дүгээр сарын үеийн өвчлөлийн шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байгаа. Энэтхэгийн дельта (δCoV) мутаци дээр гэхэд маш их шингэн нус гоожиж, толгой өвдөөд хамар битүүрэх шинж тэмдэг давамгайлж байх жишээтэй” гэв. 

Сүүлийн 24 цагт тус Орхон аймагт шинээр 74 тохиолдол батлагдсанаас 23 нь хүүхэд байна. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 1,837 болж байгаа юм. Мөн аймгийн хэмжээнд халдварын улмаас нийт гурван хүн нас барсны хоёр нь огт вакцин тариулаагүй нэг нь Файзер вакцины нэг тунг тариулсан хүн байжээ.

Улсын хэмжээнд нийт хүн амын 2.5 хувь нь халдварт өртөөд байгаа бол Орхон аймгийн хэмжээнд хүн амынх нь 1.7 хувь халдварт өртөөд байгааг мөн мэдээлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/100562831781733/videos/342825497447367