Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батхүү: Чөлөөтэй сэтгэх, инновац бий болгох талбар нь "Номэра" институт байх болно

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Номэра" институтын захирал Б.Батхүүтэй дээд боловсролын чиг хандлагын талаар  ярилцлаа.

- Юуны өмнө "Номэра" институтын талаар манай уншигчдад зориулаад товч мэдээлэл өгөхгүй юу? 

- Сайн байцгаана уу. 1990 онд зах зээлийн нийгмийн шилжилтийн үе эхэлж, хүмүүст гадаад хэл, менежмент, компьютерийн шинэ мэдлэгт суралцах хэрэгцээ шаардлага  үүсэж байсан цаг үед анхны хувийн хэвшлийн Сэрүүлэг дээд сургууль байгуулагдаж байсан түүхтэй.

Бид 30 жилийн хугацаанд 20 гаруй хөтөлбөрөөр 6,000 орчим төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаад байна.

 2021-2022 оны хичээлийн жилд “rebranding” хийж, "Номэра" институт нэртэйгээр сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлээ бизнес болон технологийн чиглэлээр тодорхойлж, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн суралцагч төвтэй, чанартай боловсрол эзэмшүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

- Цар тахлаас шалтгаалан боловсролын салбарын цахим шилжилтийн үед танай сургууль ямар арга хэмжээ авч сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна вэ?

- Дэлхий дахинд дээд боловсролын байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэгш хүртээмжтэй боловсрол олгох зорилгоор зайны буюу цахим сургалтыг зохион байгуулж байсан хэдий ч манай улсын боловсролын салбарт төдийлөн бүрэн нэвтрээгүй байсан нь COVID-19 цар тахлын нөлөөгөөр эрчимжсэн.

Манай сургуулийн хувьд ч мөн адил сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, орчин үеийн шинэ цахим сургалтын платформуудыг сургалтдаа нэвтрүүлж, оюутан суралцагчиддаа чанартай боловсрол олгохыг зорьж байна. Цахим шилжилтийн явцад оюутан, багш нар маань хамтран  хөгжиж, суралцаж байна.

- Та олон улсын чиг хандлагад нийцсэн чанартай боловсрол олгож байгаа тухайгаа дээр дурдсан. Ямар хөтөлбөрүүдээр элсэлт авч байгаа тухайгаа дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

- Эрин үеийн эрэлхэг сэтгэгчдийг өөгшүүлэх буюу шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах зорилготой сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулан Бизнесийн чиглэлд АССА буюу олон улсын мэргэшсэн нягтлан бодогч, CFA буюу олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч, Бизнесийн удирдлага & Энтерпренер, Технологийн чиглэлд программ хангамж, график дизайн хөтөлбөрөөр бакалаврын зэрэг олгох сургалт явуулж байна.  

Дээрх хөтөлбөрүүдээр суралцаж байгаа манай оюутнууд шинэ санаагаа туршиж, гарааны бизнесээ 0 цэгээс  эхлэх буюу өөрийн бизнесийг анх үүсгэж хөрөнгө оруулалт авах хэмжээнд хүртэл хөгжүүлэх боломж нөхцөлөөр нь хангах, дэмжлэг үзүүлнэ.  

Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт бэлтгэгдэж буй багш хөтөлбөрүүдийн дундаас онцлон Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Учир нь хүний хөгжлийн хамгийн эрчимтэй чухал үе болох бага насны хүүхдийн хөгжлийн  60  хувь нь  цэцэрлэгийн насанд нь тогтдог тул  хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэх боловсролыг дэмжих нь бидний нийгэмд үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

- Магистрын хөтөлбөртөө элсэлт авч байгаа юу? 

- Бизнесийн удирдлага болон Төрийн удирдлагын чиглэлээр байгаа.Төрийн удирдлагын хөтөлбөрийн тухайд мэргэжлийн өргөн мэдлэгтэй, бодит ур чадвартай, мэргэжилтэн бэлтгэхийн тулд удирдахуйн ухаан нийгэм, хууль эрх зүйн шинжлэх ухаанд суурилсан Японы төрийн удирдлагын хөтөлбөрийг нутагшуулах байдлаар хөгжүүлэлт хийн ажиллаж байна.

-  Танай сургуулийг сонгон суралцах суралцагчдад ямар давуу талыг бий болгож байгаа вэ? Мэргэжил нэгт бусад хүмүүсээс ямар ур чадвараар илүү байна гэж харж байгаа вэ? 

- Манай сургууль нь Их Британи улсад төвтэй АССА нийгэмлэгийн олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг олгох ACCA хөтөлбөр, мөн мэргэшсэн Санхүүгийн шинжээчийн зэрэг олгох CFA хөтөлбөрөөр эх орондоо суралцах боломжийг олгож байгаа. Суралцагчдын нийт судлах хичээлийн 60 хувийг  англи хэл дээр зохион байгуулж байгаа учраас IELTS–ийн өндөр оноотой төгсөх боломжтой. Сургалтыг олон улсын топ сургуулиудад мэргэжил эзэмшсэн магистр, доктор зэрэгтэй, ACCA, CFA цолтой багш нар зохион байгуулж байна.

Мөн оюутан суралцагчдыг амжилттай суралцах, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах талд дээр анхаарч сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг байгуулсан. Суралцагчдыг салбартаа тэргүүлэгч компаниудад цалинтай дадлага хийлгэж, төгсөхөд нь ажлын байраар хангах тал дээр ажил олгогчидтой хамтын ажиллагаа, түншлэлээ өргөжүүлж байна.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааны үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан  чанартай боловсон хүчний хомсдол буюу цахим шилжилтийн үед шинэ салбаруудад мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байна.

Ийм учраас  "Номэра" институт ажил олгогчидтой хамтарч оюутнуудаа сургаж, хөгжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  хөрвөх чадвартай мэргэжлийн боловсон хүчин  бэлтгэхийг зорьж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл манай оюутнууд академик мэдлэгээ практик дээр туршиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, насан туршдаа  сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх, арга барилд суралцсан оюутнууд маань зөвхөн Монголдоо бус олон улсын зах зээлд гарч өрсөлдөн, ур чадвараа нэмэгдүүлж чадна. Үүнтэй холбоотойгоор үр дүнд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш нарыг тасралтгүй хөгжүүлэх зэрэгт манай сургууль анхаарал хандуулан ажиллаж байгаа. 

Хүн сурсан мэдлэгээ ашиглаж сурах нь өөрөө маш том ур чадвар юм.

- Энэ жилийн босго оноо нь хэд вэ. Элсэгчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт зарласан болов уу?

- Элсэлтийн босго оноо 580 байгаа. Өөрөөр хэлбэл хөтөлбөр тус бүрээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлүүдийн дундаж оноо нь 580 байна гэсэн үг.  Магадгүй элсэх хүсэлтэй боловч босго оноо 580-д хараахан хүрэхгүй хүүхдүүд гарвал хоцрогдол арилгах зуны сургалтыг бид санал болгож буй онцлогтой. Тус сургалтаар математик, англи хэлний хичээлийнхээ хоцрогдлыг арилгаад есдүгээр сараас хичээлдээ суугаад явах боломжтой юм.

Мөн математик, англи хэлний хичээлийн аль нэгийнх нь ЭЕШ-оноо 800 бол эхний жилийн сургалтын төлбөрт 100 хувь, 700-гаас дээш бол 50 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа.