Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Урантунгалаг "Токио 2020"-д оролцох эрхээ авлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

Байт харвааны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотод боллоо.

Тус тэмцээнд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхээ авав.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж, эрхээ халаасалсан юм.

Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв. Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг одоогоор 42 эрхтэй болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байсан билээ.

Олимпын эрхийн тэмцээнүүд зургаадугаар сарын 29-нд өндөрлөх бөгөөд монголчууд хүндийг өргөлтөөр эрхийн тоогоо нэмэх боломжтой.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо