Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японд эмэгтэй тамирчны видео бичлэгийг онлайнаар зарсан эрэгтэйг анх удаа баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Япон улсын хууль хүчнийхэн анх удаа эмэгтэй тамирчны видео бичлэгийг ашиг олох зорилгоор порно сайтад байрлуулсан эрэгтэйг баривчилж, бусдын нэр хүндэд халдсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Сүүлийн үед ийм төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа ч сэжигтнийг баривчилж, хэрэг үүсгэсэн анхны тохиолдол энэ юм байна.

Чиба мужийн иргэн, 57 настай Хироши Ишигами хэт улаан туяаны камер ашиглан гар бөмбөгийн эмэгтэй тамирчны дүрсийг үзэгчийн суудлаас бичиж, өмссөн дотуур хувцсыг нь тодруулаад порно сайтад төлбөртэй байршуулжээ. Тамирчний бие халаалт, тоглолтын үеийн нийт найман минутын урт бичлэгийг өөрийнх нь зөвшөөрөлгүй үйлдсэн юм байна.

2018 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сар хүртэл хугацаанд уг бичлэгнээс тэр зургаан сая иений ($54,000) ашиг олсныг Чиба мужийн цагдаа нар мөрдөж, тогтоожээ.

Тамирчин эмэгтэй өөрийнх нь тэмцээний үеийн дүрс бичлэг порно сайтуудад тарсан тухай өнгөрсөн оны наймдугаар сард Японы Тамирчдын Холбоонд гомдол гаргасан байна.

Улмаар арваннэгдүгээр сард тус улсын спортын зургаан холбоо хамтран тамирчдын зураг, дүрсийг сэксийн зорилгоор ашиглах явдалтай тэмцэхээ мэдэгдэж, иргэдээс мэдээлэл хүлээж авах төвийг байгуулсан юм.

 

Эх сурвалж: Kyodo News