Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистанд төгсөлтийн шалгалтаа өгсөн залуусыг баривчлан цэрэгт татаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дунд сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгөөд гарч ирсэн залуусыг шууд цэрэгт татаж байгаа тухай Туркменистан дахь эх сурвалжууд мэдээлжээ.

Армийн офицерууд, албан тушаалтнууд энгийн хувцастайгаар сургуулийн гадаа байрлаж, гарч ирсэн залуусыг шууд баривчлан машинд ачиж байгаа гэнэ.

Туркменистанд 18-27 насны эрчүүд хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Гэхдээ армийн нөхцөл байдал хүнд, дэглэлт түгээмэл тул залуус зугтахыг оролддог байна.

Цэрэг татлагын үеэр албаныхан гудамж талбай, сургуулиудаар эргүүл хийж, цэргийн насны залуусыг хүчээр баривчилдаг. Хүчээр цэрэгт татагдсан залуусын бүрэн дунд боловсролын дипломыг ар гэрийнхэн нь хүлээж авдаг байна.

Цэргийн албанаас зайлсхийхийн тулд албан тушаалтнуудад $5,700 орчимтой тэнцэх авлига өгдөг гэсэн үнэ ханш бий.

Зарим эцэг эхчүүд ядаж хүүхдээ аюул багатай цэргийн ангид алба хаалгуулахаар хээл хахууль өгдөг байна. Тухайлбал нийслэл Ашгабат хотод, эсвэл Казахстан, Узбекистаны хил дээр алба хаах нь аюул багатайд тооцогддог.

Харин Афганистаны хил дээр алба хаах хамгийн аюултай хувилбар ажээ. 2014 оны тавдугаар сард тус хилээр нэвтэрч ирсэн зэвсэгт этгээдүүд Туркмений гурван хилчний амийг хөнөөсөн хэрэг гарч байв. Ийм хэргүүдийг Туркмений эрх баригчид ихэвчлэн нуун дарагдуулдаг.

Офицерууд цэргүүдийг дэглэж дарамтлаад ар гэрээс нь мөнгө шилжүүлж авах явдал түгээмэл байдаг. Зарим залуус Орос, Турк улсуудад суралцах, эсвэл ажил хөдөлмөр эрхлэх замаар цэргийн албанаас зугтахыг оролддог.

Гэхдээ иргэдийн шилжилт хөдөлгөөнд хатуу хяналт тавьдаг Туркменистанд ингэх боломж бага байдаг ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe