Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн баян хүнийг сансраас дэлхийд буцаж ирүүлэхгүйн төлөө хөдөлгөөнд олон мянган хүн нэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тэргүүн баян, Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос ирэх сарын 20-ны өдөр сансарт нисэх болсноо зургаадугаар сарын 7-нд зарласан билээ.

Тэрбээр өөрийн байгуулсан Blue Origin компанийн New Shepard хөлгөөр дүү Марк Безос болон өөр нэг хүний хамт дэлхийн агаар мандлын хил хязгаарыг давах юм. Blue Origin анх удаа сансарт хүн нисгэх гэж байгаа нь энэ.

Гэтэл дээрх мэдээлэл гарснаас хойш хэдхэн хоногийн дараа Change.org сайтад тэрбумтныг буцаж дэлхийд ирүүлэхгүй байхын төлөө хөдөлгөөн өрнөж, олон мянган хүн гарын үсгээ зуржээ.

Тухайлбал “Do not allow Jeff Bezos to return to Earth” нэртэй хөдөлгөөнд одоогийн байдлаар 32,000 гаруй хүн нэгдсэн байна. “Тэрбумтнууд дэлхий дээр ч, сансарт ч байх ёсгүй. Гэхдээ тэдэнд сансарт үлдэх боломж олгож болох юм” гэж уг хөдөлгөөний тайлбарт бичжээ.

Зарим хүмүүс “Дэлхийд буцаж ирэх нь заяагдмал эрх биш, онцгой эрх юм”, “Дэлхийд Жэфф Безос, Билл Гэйтс, Илон Маск шиг тэрбумтнууд хэрэггүй” гэх зэргээр бичсэн байна.

Change.org сайтад нээгдсэн “Petition To Not Allow Jeff Bezos Re-Entry To Earth” нэртэй өөр нэг хөдөлгөөнд 19,000 гаруй хүн нэгджээ.

Хөдөлгөөнийг санаачилсан Хосе Ортиз “Безос бол дэлхий ертөнцийг захирах хүсэлтэй чөтгөрийн хүч юм” гэж тайлбарлаад хувь заяагаа гартаа авахыг хүмүүст уриалсан байна.

Дээрх хоёр хөдөлгөөн Change.org сайтын топ хөдөлгөөнүүдийн жагсаалтад удахгүй орохоор байгаа юм.

Шийдвэрээ зарлахдаа Безос “Сансарт нисэх нь миний бүх насаараа мөрөөдсөн зүйл. Энэ бол миний хувьд маш чухал үйл явдал” гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider