Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн “нинжа” нарыг цугларахад хүргэсэн чулуу нь алмаз биш кварц байжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын алслагдсан хөдөө нутгаас алмаз эрдэнийн чулуу олдсон тухай мэдээ тарж, мянга мянган олз ашиг хайгчдыг нэг дор цуглуулсан юм.

Гэвч энэ газраас олдсон талст хэлбэрийн чулуу нь үнэндээ алмаз биш, хямд үнэтэй кварц чулуу болохыг тус улсын эрх баригчид Ням гарагт зарлажээ.

Зургаадугаар сарын 12-ны өдөр нутгийн малчин ил задгай газраас үнэт чулуу олсон тухай мэдээ салхи мэт хурдтай тарсан юм. Үүний дараа Өмнөд Африкийн зүүн КваЗулу-Натал мужийн КваХлатхи тосгон руу хэдэн мянган “нинжа” уралдан очиж, газрыг нь ухаж эхэлжээ.

Чулууны дээжийг авч, шинжлэхээр очих үед тэнд 3,000 орчим “нинжа” ажиллаж байсныг албаныхан мэдээлсэн байна.

 

“Дээжийг шинжилж үзэхэд энэ нь алмаз биш, ердийн кварц чулуу болох нь батлагдлаа. Кварц чулууны үнэ ханш алмазынхтай харьцуулахад маш хямд юм” гэж орон нутгийн захиргаа мэдэгджээ.

“Нинжа” нарын хууль бус ажиллагааны улмаас өнөөдөр 5 Га газар нэг метр хүртэл гүн нүхнүүдээр дүүрч, нутгийн иргэд малаа бэлчээхэд бэрхшээлтэй болсон байна.

Олон хүн нэг дор цугларсан нь коронавирусийн халдвар дэгдэх эрсдэл үүсгэж байгаа тул даруй тарахыг эрх баригчид “нинжа” нараас шаарджээ. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол хүч хэрэглэхийг бас сануулсан байна.

 

Эх сурвалж: Reuters