Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д боолчлолыг халсан өдрийг анх удаа бүх нийтийн баяр болгон тэмдэглэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

1865 оны зургаадугаар сарын 19-ний өдрийг АНУ-д боолчлолыг халсан өдөр гэж үздэг. Энэ өдөр Техас мужийн Галвстонд АНУ дахь сүүлчийн боолуудыг чөлөөлсөн юм.

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Juneteenth” гэж нэрлэдэг энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигт гарын үсэг зурсан байна. Цагаан ордонд болсон гарын үсэг зурах ёслолын үеэр Байден “Аугаа үндэстэн түүхийнхээ хамгийн бурангуй цаг үеийг ч мартдаггүй юм. Үүнийгээ санан дурссанаар бид шархаа эдгээж, улам хүчирхэгжих ёстой” гэж мэдэгджээ.

Боолчлолыг халсан өдрийг өмнө нь АНУ-ын 48 муж албан ёсоор тэмдэглэдэг болоод байсан юм. Байдены зарлиг гарснаар одоо холбооны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болж байна.

Бямба гарагт Америкчууд боолчлолыг халсан өдрийг анх удаа бүх нийтээр тэмдэглэж, АНУ-ын өнцөг булан бүрт төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.

Тухайлбал өнгөрсөн оны тавдугаар сард Миннеаполис хотод цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флоидын дурсгалын хөшөөг Нью Йорк хотын Брүүклин дүүрэгт болсон арга хэмжээний үеэр нээсэн байна. Барималч Крис Карнабучигийн бүтээл болох 1.8 метр өндөр хөшөөг хоёроос гурван долоо хоног нийтэд үзүүлсний дараа Манхэттэн дүүргийн Юнион Скюарт шилжүүлж байрлуулах ажээ.

 

Колорадо мужид Бэсси Коулмэний дурсгалд зориулсан агаарын шоу зохион байгуулсан байна. Коулмэн нь 1921 онд нисгэгчийн үнэмлэх авсан анхны Африк гаралтай эмэгтэй болж байжээ.

Хэдийгээр боолчлолыг халсан өдрийг бүх нийтийн баяр болгосон ч АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл арилах болоогүй байгааг судлаачид анхааруулж байна.

Тухайлбал Бүгд Найрамдах Намын улс төрчид боолчлолын түүх, арьс өнгөний үзлийн хор хөнөөлийн талаар хичээлүүдийг дунд сургуульд заахыг хориглох, өнгөт арьстнуудын сонгох эрх чөлөөг хязгаарлахын төлөө тэмцэж байгаа. Жорж Флоидын амийг хөнөөсөн хэргээс үүдэлтэй цагдаа, хүчний байгууллагуудад шинэчлэлт хийх хуулийн төсөл Конгресс дээр гацаад байна.

“Боолчлолыг халсан өдрийг бүх нийтээр тэмдэглэх болсон нь том алхам. Гэхдээ хангалтгүй. Буцаж ухрахгүйн тулд Конгресс африк гаралтай иргэдийн сонгуулийн эрх чөлөөг яг одоо хамгаалах шаардлагатай байна” гэж Канзас Сити хотын Urban League байгууллагын ерөнхийлөгч Гвэн Грант ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters