Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Боловсролын хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд бүхэл бүтэн “харанхуй үе” гарч ирэх эрсдэл бий

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танхимаар орох хичээл хуульд заасны дагуу есдүгээр сарын 1-нээс эхэлнэ хэмээн хэллээ.

Тэрбээр “Танхимын сургалт есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Учир нь хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэх хуультай. Энэ хуулийнхаа дагуу л явах ёстой.

Манай улсын хүн амын 60 гаруй хувь нь вакцинд хамрагдсан байж сүргийн дархлаа тогтоно. Тиймээс 15-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байж есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх боломж үүснэ.

Магадгүй хоёр хэсэг хуваагдаж, хэсэг хүүхдүүд маань вакцинд хамрагдахгүй бол ирэх хичээлийн жилд вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэсэн хоёр тусдаа ангид хичээллэх болж байна уу. Ийм зүйл байж болохгүй. Уг нь вакцинжуулалт гэдэг бол үндэсний хэмжээний асуудал" гэв.

"COVID-19-тэй холбоотой хичээл хоцрогдлоос болж Монголын эдийн засагт ирээдүйд ₮2 их наядын хохирол үүснэ"

Үргэлжлүүлэн "Биднийг хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бол хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол.

Өнөөдрийн байдлаар Монголын боловсролын салбарт гурван төрлийн хоцрогдол үүссэн.

Үүнд, хамгийн эхэнд, COVID-19 өвчин гарахаар өмнөх боловсролын хоцрогдол. Энэ хоцрогдлын улмаас гурван хүүхэд тутмын нэг л сайн сурч байсан.

Түүнчлэн цар тахлын улмаас гэрэл цахилгаан, интернэтгүйгээс шалтгаалсан болон танхимаар хичээллэж чадаагүйгээс болж хоцорсон хоцрогдол үүссэн байгаа юм.Дээр дурдсан хичээлийн хоцрогдол есдүгээр сарын 1-н гэхэд нөхөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, уг хоцрогдлын нөхөхийн тулд гурван жил шаардлагатай.

Дэлхийн улс орнууд хичээлээ нээж, хоцрогдлоо нөхөх концепцыг шинээр гаргаж байна. Үүнтэй адил бид ч яаж боловсролыг нөхөх вэ гэдэг дээр үндэсний хэмжээнд хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил хийх ёстой.

Бид хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд хоёр жилийг алдсан бүхэл бүтэн “харанхуй үе” гарч ирэх бодитой эрсдэл нүүрлээд байгаа.​

Дэлхийн банкны хийсэн судалгаагаар, зөвхөн COVID-19-тэй холбоотой хичээлийн хоцрогдлоос улмаас Монголын эдийн засагт ирээдүйд 2 их наяд төгрөгийн бодитой хохирол үүснэ гэж дүгнэсэн байна.

Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимаар сууж авдаг гэх судалгаа бий. Гэтэл өнгөрсөн хичээлийн жил дээрх байдал эсрэгээрээ үйлчилсэн.

Бидний гаргасан тооцоогоор, тог цахилгаан, интернэт, гар утасгүй 174 мянган хүүхэд бодитойгоор хичээлийн хоцрогдолд ороод байна. Үүнээс 40 мянган хүүхэд нь Улаанбаатар хотод байгаа юм" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/121087564973301/videos/316494876813135