Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

123 хоногийн турш гав гинжээр холбоотой байсан Украин хос салах шийдвэр гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хэрүүл маргаантай хамтын амьдралаа аврах зорилгоор Украины Харьков хотын оршин суугч залуу хос энэ оны Валентины баярын өдөр гав гинжээр холбогдож байжээ.

123 хоног ингэж амьдарсны дараа Александр Кудлай, Виктория Пустовитова нар телевизийн камерны өмнө гаваа тасдуулж, тус тусын зам мөрийг хөөхөөр болсноо мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд тэд үргэлж хамтдаа байж, бүр бие засахдаа ч жорлонд хамт ордог байжээ. Тэд энэхүү туршилтынхаа явцыг сошиал сүлжээнд байнга мэдээлж байсан гэнэ.

Гэвч энэ хугацаанд Кудлай, Пустовитова хоёр бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж, яасан ч зохицохгүй, өөр хүмүүс болохоо таньжээ.

“Энэ туршилт бидний хувьд төдийгүй гадаад дотоодын олон хосуудад сургамж боллоо. Бидний хийсэн зүйлийг битгий давтаарай” гэж 29 настай гоо сайханч Пустовитова нулимсаа арчин ярьсан байна.

Автомашины борлуулагч, 33 настай Кудлай хамтын амьдралаа аврахын тулд ийм туршилт хийсэндээ харамсахгүй байгаагаа хэлээд үр дүнд нь үзэл санаа нийлэхгүй хүмүүс болохоо мэдэж авсныг ярьжээ.

“Бидний долгион таарахгүй, тэс өөр хүмүүс болохыг гав гинжний ачаар мэдэж авлаа” гэж Кудлай ярьсан юм.

Тэд гаваа тасдуулсны дараа даруй салж, өөр өөрийн замыг хөөхөөр болсон байна. Пустовитова нь төрөлх хотоосоо явж, Украины өөр газар нутагт амьдрахаар шийдсэн тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм.

Хос хоёр туршилтад ашигласан гаваа дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан зарж, орлогыг нь буяны үйлсэд зориулахаар болжээ.

Украины дээд амжилтын номонд тэднийг хамгийн урт хугацаанд гав гинжээр холбогдсон хос гэж бүртгэсэн байна.

Бас дэлхийн хэмжээнд ч ийм тохиолдол байгаагүйг дээд амжилт бүртгэгч байгууллагын төлөөлөгч Виталий Зорин баталжээ.

 

Эх сурвалж: Reuters