Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэцэгмаа: Залуучууд мөнгийг олохдоо биш зарцуулахдаа ухаан дутаад байна

ikon.mn
2021 оны 6 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Гадаадууд тэтгэвэрт гараад аялж зугаалдаг, ажилтай байхдаа очиж чадаагүй, биелүүлж амжаагүй хүслээрээ амьдардаг. Харин манай настнуудын ихэнх нь тэтгэвэрт гараад л хөгшинтэйгээ хоёулаа гэртээ цайгаа хувааж уух, үгүй л гэхэд ач зээгээ харж сургууль цэцэрлэгт нь зөөх зэрэг ажилд томилогдон, хамт олон найз нөхдөө үгүйлсэн хүмүүс болж хувирдаг. Авдаг тэтгэвэр бага, дундаж наслалт 65 л гэнэ, амьдралд шантрахад шалтгаан мундах биш дээ. Гэхдээ Монголд ч гэсэн Япон, Дани, барууны орны ахмадууд шиг күүл өтөлж, аялж, ажиллаж зүгээр л өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарч яваа хүн цөөнгүй бий. Түүний нэг “ХААН БАНКны” гэх тодотголоор 20 жил гоёсон өнөө харин RE/MAX-аар овоглож яваа Ц.Цэцэгмаа. Тэрбээр өдгөө 62 настай. Түүний сарын орлого таван сая төгрөг, тэтгэврээ нэмбэл түүнээс дээш. Мөнгөө юунд зарцуулж буйг нь сонирхвол “Дэлхийн олон орноор аялсан. Одоо Скандинавын орнуудаар аялна” хэмээхэд нь мотиваци авч суулаа. Байр худалдан авсан харилцагчдаа цэцэг тариад бэлэглэдэг агент, ажилтныхаа анхны орон сууц, гал голомтыг нь мялааж плитка аваад очдог захирал асан, хүний төлөөх сэтгэл дүүрэн  Ц.Цэцэгмаагийн яриа танд ч мөн тэмүүлэл өгөх вий. 

 -Тэтгэвэртээ гараад тэтгэвэрт гардаггүй ажил хийнэ гэж төлөвлөсөн-

 

-Таныг “ХААН Банкны Цэцэгмаа” гэдгээр хүмүүс анддаггүй юм билээ. Та энэ банкны эхлэлийг тавилцсан уу?

-Би анх ХААН Банкны хотын салбар байгуулагдахаас эхлээд 20 жил ажилласан. Анх Улаанбаатарт маш олон тооцооны төвүүд байгуулагдаж эхлэхэд гэртээ харихыг ч мэдэхгүй ажилладаг байлаа. ХААН Банкны  залуустайгаа  шатны гишгүүр ганхаж байсан ч итгэл найдварт хөтлөгдөн хатуу хөрсөнд гүн гүнзгий  суурь тавилцаж, айхгүйгээр мөрөөдлийн өндөрлөг өөд тэмүүлсээр ирсэн. Тиймээс өөрийгөө ХААН Банкны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. Сайхан хамт олон дунд их зүйл ч сурсан, сургасан /инээв.сур/. Угтаа би худалдааны эдийн засагч мэргэжилтэй хүн. Их сургуулиа онц төгсөөд сургуульдаа багшаар үлдэх урилага авч байлаа. ХААН Банкинд ажилладаг байхад нэг орой утас дуугараад автал “Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Маргааш 11.00 цагт та Алтангадас одон авна” гэсэн. Утсаа таслаад юу өмсөх вэ гээд бодсон чинь би хүнд л дээл оёод байсан өөртөө байхгүй байж билээ. Ганц дээл оёж байгаад дутуу орхичихсон байж. Нөгөө дээлээ шөнөжин оёод өглөө улаан нүдэлсэн хүн очиж Алтангадас одонгоо авч байлаа. 

Намайг шагнал өгөхөөр дуудахдаа “ХААН БАНКны” гэж тодотгосон нь их сайхан санагдсан. Тэр үед сайхан хамт олон, ажил мэргэжил хүний давхар овог болдог юм байна гэж бодож зогссон. Би энэ л хамт олноор гоёж амьдарч яваа хүн шүү гэж бодоод хоолой зангирч билээ.

Намайг  ХААН Банкны Цэцэгмаа гэдгээр хүмүүс танина. Баянголын захирал гэхээр мэднэ. Сүүлд залуучууд ЖДҮ-ийн Цэцэгмаа эгч гэдэг болсон байлаа. Өнөөдөр INFINITY-ийн Цэцэгмаа гэж овоглуулж явна даа. 

-Тэтгэвэрт гарахаар л амьдрал зогссон мэт бодлоороо хөгширдөг хүмүүс байдаг. Харин таны хувьд цоо шинэ чэллэнж эхлүүлжээ?

-Би өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэртээ гарсан. Хүмүүс тэтгэвэрт гарахаар бүх юм дуусч байгаа мэт ойлгодог. Харин миний хувьд тийм биш. Би хэн бэ, цаашдаа юу хийх вэ, юунд дуртай вэ гэдгээ маш сайн ойлгоод мэдчихсэн байлаа. 

Жишээ нь хүн 70 насаллаа гэхэд 25550 өдөр байгаа. Энэ өдрөөсөө өөрийнхөө насыг 365-аар үржүүлээд надад үлдсэн өдөр  хэд вэ гэдэг гараад ирнэ. Тэр өдрүүдийг би яаж өнгөрүүлэх ёстой вэ гэвэл дуртай ажлаа хийж, юмаа оёж цэцэгээ тарьж , нас харгалзахгүйгээр найзалж, аз жаргалтай өнгөрүүлэхийг л хичээж байна. 

Би ингэж бодож байлаа.

Нэгдүгээрт, тэтгэвэртээ гараад дахиад тэтгэвэрт гардаггүй ажил хийнэ.

Хоёрдугаарт, дуртай зүйлээ хийж , ном уншина. Одоо цагт  суралцахгүй бол болохгүй дэлхий улс орон нийгэм маш хурдан өөрчлөгдөж байна тэнд та бэлэн байх ёстой.

Гуравдугаарт, Үл хөдлөх хөрөнгийн салбарыг ихэд сонирхож судалж байсан. Учир нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентууд тэтгэвэрт гардаггүй, цагт өөрөө менеж хийх боломжтой.

Яагаад RE/MAX миний сонголт байсан бэ гэвэл би аялах дуртай. Дэлхийн олон оронд аялсан. Ажилтай байх үед заавал амралтаа авч аялалд явдаг. Харин RE/MAX-т чөлөөтэй аялж болно. Яагаад гэвэл энэ  хувийн бизнес. Тэгэхээр би аялаагүй үлдсэн орнуудаар аялах боломжийг хайсан учраас, орлогын хувьд хийж чадвал хязгааргүй боломж бий гэж бодож энэ сонголтыг хийсэн.

Яагаад RE/MAX Infinity оффис миний сонголт байв гэхээр би анхнаасаа шинээр байгуулагдаж байгаа газарт орохгүй гэж бодож байсан. Ингээд  судалж үзэхэд RE/MAX MONGOLIA бүсээс франчайз эрхээ авсан анхны таван оффисын нэг нь Infinity байлаа. Бас багийг нь харсан, маш туршлагатай санагдсан. 

RE/MAX MONGOLIA бүсийн анхны гүйлгээг гаргасан Мөнхтуяа гээд гүйцэтгэх захирал эмэгтэй, Буяннэмэх гэж бас чадварлаг агент байсан. Ингээд олон боломжийг олж харсан учраас агентийн сургалтад суусан, эрхээ авсан. 2020 оны наймдугаар сард агентаар ажиллаж эхлээд 7 сарын  турш шилдэг агент болжээ. Мөн давхар МҮХХАкадемид сургагч багшаар ажиллаж байна.

-RE/MAX-ийн талаар та анх хаанаас мэдсэн бэ? 

-Би ХААН Банкны жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн зөвлөхөөр сүүлийн таван жил ажилласан. Энэ хугацаанд дэлхийн брэнд, франчайз бизнесүүд  Монголд хэрхэн орж ирж байна вэ гэдгийг үргэлж судалж байлаа. RE/MAX бол Монголын гэр бүлийн хоёр хүн судлаад оруулж ирсэн, хөрсөнд нь буулгасан бизнес. RE/MAX-ийн талаарх анхны ойлголт энэ. Дараа нь өөрийн үйлчилгээний зориулалттай объект борлуулах гээд судалж байгаад RE/MAX Infinity оффист орж ирээд Буяннэмэх  агенттай уулзаж байлаа. Дараа нь “Би яагаад үүнийг хийж чадахгүй гэж. Надад давуу болон сул тал юу байна вэ” гэдгийг жагсааж бичихэд давуу тал нь олон байсан. Банк үл хөдлөх хөрөнгийн салбартай хамгийн ойрхон ажилладаг салбар. Энэ салбарт захирлаар ажиллаж, зээлийн хороо удирдаж байсны хувьд эрсдэл болоод хөгжих талаас нь ч харахад болмоор санагдсан. 

-Уг нь та үйлчлүүлэгч байж? 

-Тийм шүү. 

Би хүний нүдийг их хардаг. Нүд нэг зүйлийг хэлдэг, аз жаргалтай байна уу үгүй юу гэдгийг харц илтгэдэг шүү дээ. Хүн дуртай юмаа хийж байхдаа л аз жаргалтай байдаг. Жишээ нь би ном уншихад хэзээ ч ядардаггүй. Хэдэн орноор аялсан ч хэзээ ч ядардаггүй. Харин дургүй юмандаа их амархан ядарна. Тэгэхээр миний хамгийн анх уулзсан агент охины нүд их аз жаргалтай, ассан дүрэлзсэн харагдса. Манай оффист олон хөөрхөн охид  залуус  агентаар тууштай, чадварлаг сайн ажилдаг, тэднээс бас суралцсаар л байна.

-Таны одоо хийж буй ажилд хаа хүрэх ирээдүй харагдаж байна вэ? 

-RE/MAX Монголд нутагшиж байгаа ирээдүйтэй бизнес. Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эрхтэй, хууль зүйн мэдлэгтэй агентууд үйлчлэх ёстой зуучлалын байгууллага. Тийм биш байснаар маш их хууль зөрчсөн, ёс зүйгүй олон алдаа эсдэл гардаг. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хуурамчаар үйлдээд барьцаанд тавих, зарах гээд олон тохиолдлууд бий. Энэ тохиолдолд хэрэв мэргэжлийн агентад хандсан бол хууран мэхлэлтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалчихаж чадна шүү дээ. Энэ ирээдүйтэй бизнес. Анх агентаар ажилд орохдоо би таван жил ажиллаад, 66 настайдаа гэртээ сууна гэж бодож байлаа. Үлдсэн хугацаанд ач зээгээ дуртай зүйлээ хөгжүүлэхэд нь цаг гаргаж, аав ээжид нь туслах, жишээ нь гадаад хэл заах, төгөлдөр хуурын дугуйланд нь хүргэж өгч авах зэрэгт цаг заваа зарцуулна гэж төлөвлөсөн. Аяллын хувьд ч төлөвлөсөн ажил байгаа. Би Камбожид очих сон гэж их мөрөөддөг байсан, өнгөрсөн жил очсон. Коронавирусаас улбаалан хил хаахын өмнөх өдөр Монголд онгоцноос бууж байлаа. Ирэх жилүүдэд Скандинавын орнуудаар аялна гэж бодож байгаа. 

-Олон орноор аялжээ. Энийг л Монголдоо оруулах сан гэж атаархах зүйлтэй таарна биз?

-Олон зүйл байдаг. Гэхдээ хоол, мах, гурил гээд органик хүнс  Монголд л байна. Хамгийн наад зах нь Эрээнд гараад мантуу, талхыг нь идээд үзэхэд л Монголынхоо гурилны амттайг мэдэрч  эхэлдэг. Зарим оронд явж байхад “Өө, энийг дор нь үйлдвэрлэж болох юм байна” гэх бодол төрнө шүү. Би цэцэг тарих дуртай. Дубайд явж байгаад маш гоё цэцгэнд нүд унаад болдоггүй. Цэцэг янзалж байсан хүн нь надад маш жижигхэн мөчир өгсөн. Түүнийг нь усны саванд хийгээд үүргэвчнийхээ халаасанд хийгээд тэнд хоёр хоноод Москвад буухдаа жаахан ус нэмчихээд Монголд авч ирсэн. Одоо  маш гоё ургасан. Голландын сарнайн талбайг очиж үзээд л тэр гоё цэцэгсийг Монголд ургуулахсан, Канадын сэрүүн газар ургадаг алим, жимсний амт маш гоё, түүнийг ч авчраад нутагшуулах юмсан гэх бодол олон төрнө.

-Таны аялж байсан орнуудаас хамгийн гоё нь аль вэ? 

-Канад. Байгаль экологи, амьдрах орчин нь яг ард түмнийхээ,  хүнийхээ төлөө орон. Би Канадад амьдарчих юм байна гэж харсан. Америкт очиж байсан. Маш олон үндэстэн оршин буй гэдэг утгаараа ч юм уу хэт задгай, хэтэрхий чөлөөтэй, миний  амьдралын хэв маягт таархааргүй санагдсан.  Монголчууд аль ч орчинд зохицоод амьдарч чаддаг. Гадаадын аль ч оронд сайхан амьдарч,  сурч боловсорч мундаг ажиллаж байгаа олон Монгол залуустай  уулзаж бахархаж байлаа. Европт явж байхад хөнжил, гудасны даавуун дээр Монгол өлзий, алхан хээ ,чандман  хээгээ хатгаад дэлгүүр нээгээд худалдаалж байгаа эмэгтэйтэй таарч байсан. 

 

-RE/MAX ч таны хувьд аялал биз?

-Тийм шүү. Миний хувьд маш олон талын мэдлэгтэй болж байна. RE/MAX-т орж ирснээр би нэг хүрээнд хөгжих биш олон төрлөөр хөгжиж байгаа. Жишээ нь газар худалдлаа гэхэд ямар зөвшөөрөл авах, ямар хууль зүйн акт үндэслэлтэй байх, иргэний хуулийн 281.1-т юу заасан байдаг вэ татварын хууль гэх мэт олон зүйлийг мэдэх л хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр зөвхөн нэг чиглэлд биш салбарын хувьд илүү өргөн хүрээтэй мэдлэг шаардаж байна. RE/MAX-ийн агентуудыг орон сууц, үл хөдлөх зардаг гэж бодоод байгаа. Би хувьдаа  үйлчилгээ, харилцаа зардаг гэж хэлнэ. Яагаад гэвэл бүх юм үйлчилгээ, харилцаа, итгэл, сэтгэл дээр тулгуурлаж байдаг. Жишээлбэл, нэг харилцагч үл хөдлөхөө надад итгэж борлуулах хүсэлт өгөхөд 500 гаруй хүнтэй утсаар ярьж 180 гаруй хүнд үзүүлж байж, тэр дундаас шигшээд таарсан таалагдсан хэрэгтэй байгаа хүнд нь хүргэж холбож  үйлчилгээ үзүүлсэн. Энэ хүн бол агент. Харилцагч нар агент хүмүүс ямар их хөдөлмөр цаг, зардал, нерв зарцуулдаг вэ гэдгийг нэг үеэ бодвол мэддэг болж байна. Итгэл, сэтгэл, зүтгэлтэй. Үнэнч, ёсзүйтэй, шударга зөв хандлагатай ,мэргэжлийн,  эзэмшсэн эрхээ авсан агент хүмүүс энэ бизнесийг маш сайхан аваад явна гэж би боддог. Хүний итгэл олно гэдэг амаргүй. Итгэж чадаж байна гэдэг харилцагч танд бүх юмаа даатгаж байна гэсэн үг. Тэгэхээр итгэлийг нь алдаж болохгүй, тэр хүнд чин сэтгэлээсээ туслах чинь аз жаргал шүү дээ. Заавал үр ашигтай байхыг би  юуны түрүүнд тавьдаггүй. Миний хувь хүний зан чанар байх л даа. Би хүнд тусалж чадвал аз жаргалтай болдог. Мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн олон бий шүү.

-Та дээр хүний нүдийг их ажигладаг гэж хэлсэн. Харилцагчдаас танд тод сэтгэгдэл үлдээсэн хүн бий юу? Эсвэл “Та чадах уу” гэх хандлага гаргах нэгэнтэй таарч байв уу? 

-Намайг огт танихгүй хүн хамтран ажиллах санал тавьж байсан юм. “Та миний тухай мэдээллийг хаанаас авсан бэ” гэсэн чинь “Зурган дээрээс харсан. Тогтуун, настай, зөв хүн байх шиг санагдсан. Бүр цаашлаад цахим хаягийг тань орж  үзсэн чинь багшилж байсан,  захирлаар ажиллаж байсан тухай хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад танаар үйлчлүүлнэ гэж шийдсэн” гэж хэлж байлаа. Би тэр хүний байрыг маш зөв хандлагатай охинтой  холбож зуучилсан. Тэднийг уулзуулаад, хоёуланд нь ижилхэн саванд цэцэг тариад бэлэглэсэн. Ингээд бүгд аз жаргалтай, сэтгэл хангалуун үлдсэн дээ. Тэгэхээр өөрөө зөв байхад  зөв цагт зөв зүйлийг зөв хүнтэй учруулдаг гэж би боддог юм. Эхний гүйлгээн дээр туршлага дутсан. Үзнэ гэсэн хүн болгонд байраа үзүүлсэн. Өглөө эрт, шөнө орой хамаагүй үзүүлээд л, утсаар ярьсан дуудлага бүрийн ард шалтгааныг нь бичээд тэмдэглээд л байлаа. Нийтдээ 186 хүнд үзүүлсэн байсан. Одоо бол шүүж байгаад тохирох хүмүүсийг судалж тод өнгөөр тэмдэглэж байгаад   үзүүлэх , и-мэйл бичиж санал болгоно. Таны нэг хүүхэд оюутан учраас энэ байрыг сонговол сургуульд нь ойр, та автомашингүй учраас ажилдаа алхаад очих боломжтой зэргээр зөвлөж байгаад  гүйлгээгээ гаргаж байна даа.

Саяхан би  гурван өрөө байр “улаан” хөдөлмөрөөрөө мөнгө цуглуулсан нэг эгэл гэр бүлд зуучилж өгсөн. Хадгаламжийнхаа дэвтрийг бариад ирэхэд нь үзээд бахархаж   байлаа. Зургаан жилийн турш өдөр бүр 5-25 мянга төгрөг хадгаламжиндаа хийсээр байж 46 сая гаруй болгоод байрны урьдчилгаа бэлдсэн байсан. Тэд үнэхээр зорилготой хүмүүс байсан шүү. Би байрны эзэн харилцагчтайгаа ярьж байгаад байрны үнийг нь 10 сая төгрөгөөр буулгаж, банкнаас авах зээл дээр нь зөвлөгөө өгч  тусалсан. Заримдаа энэ ажилд шантрах, хэцүү зүйл зөндөө.  Биднийг баахан ажил суртачилгаа хийлгэж харилцагч олж аваад  үйлчилгээний хөлсөө өгөхгүй байх ес зүй жудаггүй аашлах хүмүүс бас байдаг , зарахаа больсон гэж хэлчихээд нөгөө  бидний үйлчилгээ үзүүлсэн хүнтэй үгсэн өгч авалцана.  Гэхдээ тэр  туршлага суулгана, сургамж кейс болно. Бэрхшээлийг хэн давна цааш хэн илүү хөдөлмөрлөнө,  тэр хүн амжилтанд   хүрнэ шүү дээ. 

Харилцагчаа маш сайн сонсох судлах зөв зөвөлгөө өгөх нь чухал шүү Нэг удаа, байраа зарчихвал дараа нь хүний асрамжинд очих, амьдралын нөхцөл байдал нь дордох хандлага ажиглагдсан  өндөр настай хүний байраа зарах сонголтыг  хүсэлтийг нь болиулж байлаа. Одоо нэг охин нь гадаадаас ирээд дажгүй сайхан амьдарч байгаагаа хэлж чиний зөвлөгөө их зөв байж, бид орон гэртэйгээ үлдлээ гэж хэлж байлаа. Одоо ч хааяа утсаар ярьж мэндчилгээ дэвшүүлдэг юм. 

-Монголчууд оллоо л бол үрдэг, тэгээд л мөнгөгүй. Зарцуулах ухаан заамаар санагддаг-

 

-Та сургагч багшаар ажилладаг гэсэн. Залуучуудад юуг зөвлөдөг вэ? 

-Би дандаа залуучуудтай ажилласан. Тэдэнтэй ажиллах их гоё, өөрийгөө хэзээ ч настай гэж боддоггүй. Залуучуудад хөгж, байнга шинэ зүйл суралц, гадаад хэл сурах хэрэгтэй, эрүүл мэндээ анхаар, зөв хоол ид, цөхрөлтгүй, тэвчээртэй байж маш их хөдөлмөрлө л гэж хэлнэ. Залуучууд шууд л учиргүй  хялбар аргаар их мөнгө олох гээд байдаг. Мөнгө маш их хөдөлмөрлөж байж ирдэг юм. Тэр  мөнгө зарцуулагдахдаа ч их зөв зарцуулагддаг. Манай залуучууд 10 сая төгрөгийн орлого олсон бол 5 сар хий дэмий өнгөрөөх гээд байгаа хандлага ажиглагддаг. Миний хувьд орлого гэдэг зүйл жигд, тасралтгүй, буурахгүй байх ёстой. Тэгээд зөв зарцуулах естой гэсэн зарчимтай .

Залуучууд юун дээр алдаад байна вэ гэхээр мөнгийг олохдоо биш зарцуулахдаа ухаан дутаад байна гэж хараад байгаа. Сард 7-10 сая төгрөгийн орлого олчихоод олсны хэрээр цацах биш. Хамгийн түрүүнд хуримтлалдаа мөнгө хий. Манайхан болохоор үрж үрчихээд үлдвэл хуримтлалдаа хийе гэж бодоод байдаг. Би цалингаасаа 10-20 хувийг хуримтлалдаа хийдэг. Одоо өөртөө биш ач, зээдээ хадгалж байна. 

Тэгэхээр би залуучуудад орлогынхоо 20 хувийг хуримтлалдаа хийчих, 50 хувийг нь зайлшгүй  гарах зардалдаа төсөвлөчих, 30 хувийг гэнэтийн зардалд тооцох нь зөв. Жишээ нь аав, ээж чинь алс хол байдаг бол гэнэтийн асуудал тулгарахад онгоцоор нисээд очих мөнгөтэй байх хэрэгтэй. Эсвэл коронавирусээс болоод хөл хорио тогтооход зургаан сар ажилгүй ч гэсэн асуудалгүй амьдрах хэмжээний мөнгийг хуримтлуулах хэрэгтэй. Монголчууд оллоо л бол цацдаг, тэгээд л мөнгөгүй гэдэг. Тэгэхээр зарцуулах ухааны талаар заамаар санагддаг. Харамсалтай нь арван жилийн болоод дээд сургуульд ч заахгүй юм даа. Санхүүгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол хамгийн сайн баймаар байна. 

-Тантай санал нэг байна. Санхүүгийн боловсролыг сургуульд заамаар санагддаг. 

-Банкны захирлаар ажилладаг байхад залуус цалин нь буунгуут дэлгүүр явдаг. Мянган барааны дэлгүүр ороод нэг нь юм авбал бүгд дуурайгаад авчихдаг. Нэг удаа польш футболк гээд 25 мянгаар өнгө өөр зураг  мод нь өөр гэж, дөрвөн ширхгийг 100 мянгаар аваад орж ирж байгаа юм. Би оронд нь байсан бол тэрнээс авахгүй байсан. Банкныхан форумын хувцас өмсдөг. Хагас сайнд ажилладаг. Тэгэхээр сард хэдэн бүтэн сайн байна, зуны сар хэд билээ, хэдэн өдөрт нь гадуур гарах уу. Наад зах нь дөрвөн футболк угааж индүүдэх, эвхээд тавихаас эхлээд ажил орно доо. Нэг л байхад болох байхгүй юу. Тэгээд нөгөө 75 мянгаа хадгаламжинд хийвэл 10 жилийн дараа хэд болох вэ гэдэг ухааныг болдогсон бол хүмүүст заамаар санагддаг. Залуус байр авахдаа хүртэл миний санхүүгийн боломж юу билээ гэж бодохгүйгээр зээлд хамрагддаг. Цаашид зээлэндээ дарамтлуулаад, стресстэй амьдрах болдог. Тэгэхээр миний цалин ямар билээ, би хэдэн хүүхэдтэй болох билээ, цаашдаа эрсдэл гарвал яах вэ гээд энэ болгоныг бодох хэрэгтэй. Миний дүү нар, ажилтан машин авдаг. Манай ажилтан байж байгаад гарсан  залуу  LEXUS-570 машин авчихсан нэг өдөр ирээд “Захирал аа, та цонхоор хараач” гээд л дуут дохиогоо хангинуулж байлаа. Тэр машиныг 100 гаруй сая төгрөгөөр лизингдээд авчихсан байгаа юм. Гэтэл хүүхэд нь оюутан, удахгүй төгсөх гэж байгаа. Удалгүй намар нь “Захирал аа, баларсан. Хүү маань бие давхар оюутан эхнэрээ дагуулаад ирсэн. Байр түрээслэх хэрэгтэй боллоо” гэсэн. Ингээд нөгөө үнэтэй машинаа зарах болоход 12 сая төгрөгөөр хямдруулахгүй бол авах хүн олдохгүй болж байгаа юм. Тэгэхээр санхүүгээ маш сайн удирдаж сурах хэрэгтэй. Чи хуримтлалтай юу? 

-Хуримтлал байгаа.

-Зүйтэй. Чи одооноос тэтгэвэрт гараад зарцуулна гээд орлогынхоо 10 хувийг цааш нь хий. 

“Хмм, миний тэтгэвэрт гарах өдий биз” гэж бодож болохгүй, нэг л мэдэхэд болчихдог. Тэтгэвэртээ гараад хүүхдүүддээ ачаалал өгөхгүйгээр амьдрах хэрэгтэй шүү дээ. Эмнэлэгт үзүүлсэн ч санаа зоволгүй картаа уншуулчихдаг. Найзуудтайгаа гадагшаа аялсан ч аль хүүхдээсээ, хэнээс мөнгө гуйх вэ гэж зоволгүй хуримтлалаа зарцуулах хэрэгтэй. Хүн нүцгэн ирээд нүцгэн л буцна. Гэхдээ үзэх харах юмандаа цаг, мөнгө зарцуулаад үзээд, уншаад аз жаргалтайгаар дуусах ёстой. Би тэгж л боддог. 

-Хувь хүний хөгжил трэнд сэдэв болсон. Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх нь чухал вэ? 

-Өөрийгөө л ол. Сүүлийн үед дижитал, технологи юу байна, дэлхий хөвөрч чадаж байгаа юмыг Монголчууд бүр илүү чадах ёстой. Манай үеийнхэн гэхэд гар утас, компьютер, фэйсбүүк ашиглахдаа маруухан. Миний хувьд компьютерийн хичээлийг нэг минут заалгаагүй ч, хамт ажиллаж байгаа залуучуудаасаа дутах юмгүй шүү /инээв.сур/. Бас маш их унш. 

-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Залуучууд заавал уншаасай гэж нэрлэх ном бий юу?

-Хүн хүний сонирхол өөр. Би олон боть, детектив ном их уншдаг. Хүний хөгжлийн чиглэлийн ном их уншина. Номын дэлгүүр  14 хоногтоо нэг орно, уншаагүй ном цөөн. Бас подкастууд сонсоно. Сүүлд нэг охины Солонгос хэлнээс орчуулсан стрессгүй амьдрах талаар ном гарсан байна, авч амжаагүй байгаа. Манай  RE/MAX Infinity оффис саяхан номын клуб нээсэн. Би номын клубтээ зориулж “ХААН” банкны захирал асан Ж.Питер Морроугийн бичсэн “Миний Монгол” номыг авч ирж өгсөн . Гадны хүний нүдээр Монгол ямар харагдаж байсан вэ гэдэг чухал шүү дээ. Залуучууд маань бүгд уншсан байх аа. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн тухай шинэ ном авсан. Энэ мэтчилсэн залуучууд уншаасай гэсэн номууд олон байгаа. Залуучууд өөр өөрийн сонирхлын дагуу ном унших хэрэгтэй. Хоол хийх дуртай бол сайхан хоолны ном аваад уншиж болно. Ер нь эмэгтэй хүн сайхан хоол хийдэг байх хэрэгтэй. Сайн нөхөртэй, сайхан гэр бүлтэй байя гэвэл өглөө болгон ханьдаа цай, орой  хоол хийж өгдөг байх нь зөв. Өглөө ээжээс эхэлдэг. Тэгэхээр гэрийнхэндээ гарынхаа хоолыг хийж өгч байх хэрэгтэй. Залуучуудыг харж байхад өглөө босоод ус буцалгаад л нөхөр рүүгээ түлхдэг. Тэгээд л “Машинаа гаргаж бай” гээд өөрөө нүүрээ будаад суучих жишээтэй. Тэгэхээр өлсгөлөн залуу яах вэ. Ажил дээрээ стрессдэнэ. Орой ирэхэд нь дуртай  хоолыг нь хийхгүй   сууж байвал нөхөр гадуур хооллохыг бодно биз дээ. Гадуур хэдэн удаа хооллоод нэг охинтой таараад байвал яах вэ. Тэгэхээр сайн гэрийн эзэгтэй болмоор байвал хоолны ном аваад уншсан ч болно шүү дээ. Хүн таван тэгш байх шаардлагагүй л дээ. Гэхдээ хамгийн сайн чаддаг юмаа илүү хөгжүүлвэл аз жаргалтай  л амьдарна. 

 

-Та үргэлж залуучуудтай ажиллажээ. Ямар зарчимтай удирдлага байв?

-Баг гэдэг нэг л зорилгын төлөө нэг зүг рүү харсан, нэг завин дээр яваа хүмүүс. Тэгэхээр капитан хүн хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн. Одоо харж байхад би ээж нь, эгч нь, заримдаа хатуу захирал л байж. Олон сайхан захирлуудыг бэлдсэн, тэднээрээ бахархдаг. Ипотекийн зээл 2012 оны үед дөнгөж гарч байлаа. Тэр үед эдийн засагч, теллерүүдээ  орох орон байртай бол зээл ав гэж их хэлдэг байлаа. Зарим нь хадмындаа, ахындаа байдаг  хөдөөний хүүхдүүд ч байсан. Зарим нь ээж аавтайгаа, хашаанд амьдардаг. Зээл аваад байр сууцтай бол гэхээр “Үгүй ээ, захирал минь. Арай гэж мөнгөний бараа харж байна” гэнэ. Тэгэхэд нь энэ чамд хэрэг болно гэж их шахсан даа. Орон байр хэрэгтэй  зургаан ажилтнаас маань дөрөв нь байр авсан. Би бичиг баримтыг нь бүрдүүлээд хүний нөөц дээр ажилчдын зээл гээд бүтээгээд өөрөө авсан мэт баярлаад л плитка аваад байранд нь тавьж өгч байлаа. Таван жилийн дараа миний удирдлагад ажиллаж байсан, тэр үед 3 өрөө байр, 25 сая төгрөгийн зээлээр авсан ажилтан  нэг удаа сэтгэлийн үг бичсэн зурвас өгч байна. 

“Захирал аа би 5 жил 6 сар 21 хоногт зээлээ төлөөд дууслаа. Гэтэл өнөөдөр миний байрны үнэ 126 сая төгрөг болжээ. Таван жилийн хугацаанд 100 сая төгрөгийг олж чадлаа. Миний аав, ээжийн дараа хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн  зөв  зөвлөж тусалсан хүн та байлаа” гэж бичсэн байв.

Би түүнийг насаараа хадмындаа байх уу. эхнэртэйгээ хэрэлдсэн ч чөлөөтэй хэрэлд. Эхний хоёр жил хэцүү. Хоол байхад болно, плиткагийг хамт олон нь аваад өгнө, нэг матрас тавьчих, тэгээд л болно гэж гэж шахсаар байгаад авахуулж байлаа. Тэгэхээр мөнгөө зөв зарцуулах ухаан чухал байгаа юм. Би хүн ажилд авахдаа анкетыг нь маш сайн уншдаг, сайн ярилцдаг байлаа. Хөдөөний, олон дүүтэй байвал энэ хүнийг хоолны захад хүргэчихвэл дараа дараагийн дүү нарт нь хэрэгтэй юм даа гэх мэтээр бодож авдаг байв. Ажилчдаа хайрлах хэрэгтэй. Залууучуудыг сайн үлгэр дуурайлал болж, амьдралд нь үргэлж тус дэм болох хэрэгтэй.

-Тэтгэвэрт гарчхаад өсгийтэй гутал өмсөж яагаад болохгүй гэж-

-Нууц биш бол таны тэтгэврээс гаднах сарын орлогыг сонирхож болох уу? 

-Надад сарын 5 сая төгрөгийн орлого хангалттай байна. Үүн дээр тэтгэврээ авчихна. Би сарын эхний өдөр зорилгоо дандаа бичдэг. Энэ сард нэг гүйлгээ гаргасан бол, дараа сард хоёр гүйлгээ гаргана. Нэг их шунаж, ядрахыг хүсдэггүй. Хүн чинь тэгээд ач, зээдээ л, ээждээ аавдаа хайртай хүмүүстээ голдуу зарцуулдаг болдог юм байна. 

-Эмээ, ач зээ нарын хооронд хуйвалдаан байна биз?  

-Заримдаа эцэг, эхээс нь нуугаад хуйвалдах юм байна. Би сайхан охин, хүү хоёртой. Залуудаа маш их ажилтай байгаад хүүхдийнхээ хөөрхнийг мэдэхгүй өсгөчихсөн юм билээ. Одоо ач, зээ нарынхаа нүдийг харахаар бүр хайр хүрээд болдоггүй. Хүүхдийн үнэр, ариухан гэгээхэн бодлыг хайрлахгүй байхын аргагүй.

-Та хүүхдүүдээ ирээдүйд хэн болгож өгсөхийг хичээсэн бэ? 

-Хүүхдийг чи тэг ингэ гэхээс илүү зөв хүн болгохыг үлгэрлэдэг л байсан. Хүүхэд өөрийн эрхгүй л аав, ээжийгээ дуурайчихдаг. Би нарийн боов хийх дуртай. Тэгсэн охин нарийн боовыг үнэхээр сайхан хийдэг . Бид хоёр ном уншдаг байсан, охин хүү ач зээ нар  бас л ном уншиж байна.  Хоёр хүүхэд маань эдийн засагч  мэргэжилтэй. Сайхан боловсролтой, сайн аав ээж болцгоосон. Сайн хамт олон дунд явцгааж л байна.

-Та юунд хамгийн их шантарч байсан бэ? 

-Сайн ханьтай байсан. Бурхан сайн хүмүүсийг эрт аваад явдаг талтай. 

Нөхөр маань хүнд өвчний улмаас бурхны оронд дэвшсэн. Амьдрал хатуу үедээ хатуу шүү. Бид хоёр хамтдаа есөн жил бамбайн хорт хавдартай тэмцсэн. Пүрэвдорж гээд гавьяат эмч надад “Есөн жил тэссэн хүн ахаас өөр байхгүй” шүү, та бүү уйл” гэж хэлж байлаа. Шинжлэх ухаан өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан ч дээл,  хүүхдийн өлгий хөнжил гоё оёод зах дээр гаргаж зараад, хэвийн боов үйлдвэрлээд арваад жил эмчилгээний мөнгө цуглуулаад гадагшаа эмчилгээнд явж байлаа. Өдөр ажлаа хийгээд шөнө дээлээ оёод хагас сайнд зах дээр гаргаж зарна /хэсэг чимээгүй суув/. Амьдралд бэрхшээл зөндөө. Гэхдээ би бэрхшээлийг боломж гэж хардаг.  Хүн завгүй байх тусмаа ихийг бүтээдэг. 

-Таны цаашдын хүсэл, мөрөөдөл зорилго юу вэ? 

-Аз жаргалтай, эрүүл энх, сэтгэл амар тайван байх, урт удаан наслах, үр хүүхдүүдтэйгээ дуртай юмаа хийх. Би их олон ах дүү найз нөхөдтэй, залуучуудаар гоёсон хүн. Гэрт ч байнга оюутнууд амьдарна. Тэгэхээр би олуулаа байгаад сурчихсан хүн юм билээ. Ер нь хүнд гай болохгүй гээд амиа бодсон биш болж өгвөл бусдад тусалдаг байх хэрэгтэй. Япончуудын хүнд гай болохгүй гэдэг үзэл дээр Монголчуудын дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үзлийг нэмчихвэл болчих гээд байгаа юм. Хүнд болж өгвөл өгч байх хэрэгтэй. Хүмүүс юм мэддэг. Мэддэг хэрнээ хүнд заахгүй бол тэр мэдлэг түүнтэй л хамт дуусна. Тэгэхээр мэддэг бол хүнд заагаад өгөх хэрэгтэй. Баярлалаа гээд чин сэтгэлээ илэрхийлэхэд  ч өглөг шүү дээ. Олон өглөг та бидэнд бэлэн зүгээр л байж байдаг. Түүнийг өглөг болгож өгч байгаарай.

-Та үеийнхэндээ хандаж юуг хэлэх вэ?  

-Манайхан сэтгэлээрээ хөгширчихдөг. Өөрийгөө хөгширлөө гээд л бүх зүйлд хаалт тавьчихдаг. Би чадахгүй, мэдэхгүй гээд аль болохгүй болгоныг өөртөө хураачихдаг. Үгүй л байхгүй юу, чадсаар ирсэн юм чинь чадна шүү дээ. Би бол нас гэдэг тоо л гэж боддог. Хүмүүс “Өө зайлуул тэтгэвэрт гарчихаж уу” гэдэг. Энэ  үгэнд доромж хандлага агуулагдаж байна шүү дээ. Харин ч илүү боломж олддог юм. Нэгдүгээрт, санхүүгийн хувьд найдвартай болчихлоо. Хоёрдугаарт цаг зав боломжтой боллоо. Гуравдугаарт бизнесийн хувьд чөлөөтэй хөвөрч чадаж байна. Дөрөвдүгээрт юу дуртайгаа хийж чадаж байна. 

Хүн тэтгэвэрт гарахаараа алхаж байгаа нь хүртэл “Би тэтгэвэрт гарсан шүү” гэсэн шиг алхдаг /инээв.сур/. Яагаад өсгийтэй гутал өмсөж болохгүй гэж. Цэх шулуун алхаж яагаад болохгүй гэж. Толгойдоо л ихэнх нь эрт  хөгширчихдөг. 

-Ярилцсанд баярлалаа. Танд аз жаргал, амжилт хүсье. Үргэлж өнөөдрийнх шигээ гялалзаж залуучуудад үлгэр дуурайлал болоорой. 

-Баярлалаа. Чамд амжилт бүтээл, аз жаргал, хайр бүхний дээдийг хүсье.

Г.Тэгшсүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.