Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод коронавирусийн илүү аюултай, шинэ хувилбар тархсан тухай тус хотын захирагч Собянин мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн илүү аюултай, шинэ хувилбар тархаж, нөхцөл байдал хурдтай муудаж байгааг тус хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

Өнгөрсөн Ням гарагт Москва хотод халдварын 7,704 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойших хамгийн өндөр өсөлт болсон байна. Тухайн өдөр Орос даяар нийт 14,723 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын 13-наас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Энэ долоо хоногийн турш өдөр бүр бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо буураагүй байна.

Баасан гарагийн тоо 9,000 давах төлөвтэй байгаа ба хэрвээ ингэвэл цар тахал эхэлсэн цагаас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болж бүртгэгдэхийг Собянин мэдэгджээ.

Зургаадугаар сарын эхнийг хүртэл Москвад өдөрт 3,000 хүрэхгүй шинэ халдварын тохиолдол бүртгэгдэж байсан юм.

“Мутацлагдсан шинэ хувилбар тархаад байна. Энэ нь илүү хурдтай, илүү аюултай, эмчлэхэд хэцүү. Хүний дархлааны системд нэвтрэх чадвартай байж болзошгүй” гэж Сергей Собянин тус хотын нийтийн хоолны бизнес эрхлэгчидтэй уулзахдаа хэлсэн тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Энэ үеэр тэр вирусийн тархалтыг зогсоохын тулд илүү хатуу арга хэмжээ авч, ресторан, кафенуудыг хааж болзошгүйг анхааруулсан гэнэ.

Дараа нь тэр засгийн газрын хуралдаанд оролцохдоо Москва хотод Covid-19 өвчтөнүүдэд зориулсан эмнэлгийн орны тоог хангалттай хэмжээгээр нэмэгдүүлж байгааг мэдэгдсэн байна.

Москва хотын оршин суугчдын 60 гаруй хувь коронавирусийн халдвараар өвчилсөн, эсвэл вакцинжуулалтад хамрагдаад байгааг Собянин энэ үеэр мэдээлжээ.

Гэхдээ хотын захирагч вирусийн яг аль хувилбар тархаад байгаа талаар хэлээгүй байна.

Уг хуралд оролцсон эрүүл мэндийн салбарын албан тушаалтан Энэтхэг улсад анх илэрсэн коронавирусийн Дельта хувилбар хүн амын дунд өргөн тархсан нь өвчлөл өсөхөд нөлөөлсөн байж болзошгүйг хэлжээ.

Халдварын шинэ давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор Москва хотод вакцинжуулалтад хамрагдах иргэдийн тоо гурав дахин өсөж, цаашдаа үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг Собянин засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters