Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аймаг, сумын наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг эргэж харах, улсын хэмжээнд наадмыг хойшлуулах хүсэлт гаргав

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумын хэмжээнд наадам хийхгүй байх чиглэлийг Засгийн газар, УОК-оос гаргасантай холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээлэл хийлээ.

"Заавал долдугаар сарын 11, 12 гэхгүй наймдугаар сараас өмнө наадмаа хийх санал гаргаж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөө орон нутгийн уяачид маш их бухимдалтай байгааг Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Манай холбоо 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн, 21 аймаг, 330 сум, нийслэлийн зургаан дүүрэгт салбар холбоотой байгууллага. 

Дэлхий дахиныг хамраад буй цар тахлын хүндрэлийг хүн бүхэн ойлгож байгаа. Засгийн газраас гаргасан чиглэлтэй холбоотойгоор орон нутгийн уяачид холбоондоо хандаж, наадмын зохион байгуулалтын талаар санал бодлоо хэлж байна. Уяачдын зүгээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад заавал долдугаар сарын 11, 12 гэхгүй наймдугаар сараас өмнө наадмаа хийх талаар санал гаргаж байгаа. 

Бид шаардаж, тулгаж байгаа юм биш. Наадам болтол ахиад 20 хоногийн хугацаа байна. Тэр болтол халдвар буурах хүлээлт байгаа. Тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрээ эргэн хараач ээ гэж байгаа юм. Өчигдрөөс хойш 17 аймгийн 167 сумаас наадам зохион байгуулахтай холбоотой хүсэлт ирсэн. Үүнийг Засгийн газар, УОК-т өгөх хүсэлтдээ хавсарган хүргүүлнэ" гэлээ.

"21 аймаг, 330 суманд давхардсан тоогоор 23,000 орчим бөх барилддаг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "КОВИД-19 халдварын нөхцөл байдал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ энэ түр зуурын бэрхшээл байх аа. Засаг төр маань үндэсний спортын холбооны хүсэлтүүдийг хэлэлцээд зөв шийдвэр гаргах байх хэмээн хандаж байна. 

21 аймаг, 330 суманд давхардсан тоогоор 23,000 орчим бөх барилддаг. Ардын хувьсгалын 100 жилийнхээ ойд барилдана гээд олон залуучууд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Том өв соёл гэдэг талаас нь асуудлаа хараад халдварын дэгдэлт буурахаар төвлөрөл гарахгүйгээр наадмаа хийх саналыг хүргүүлж байгаа юм. 

330 сумын 200 орчим нь ногоон бүс байгаа гэх мэтийг бодолцоод огт зохион байгуулахгүй байх шийдвэрээ эргэн хараач ээ хэмээн хүсэж байна" гэв.  

"Засгийн газрын чиглэлтэй холбоотойгоор бүх ачаалал Улаанбаатар хот руу төвлөрөх нь"

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Ганбаяр "Гурван холбоо хамтарсан уулзалт хийгээд наадмыг улсын хэмжээнд нэг өдөр хийх эсвэл хойшлуулах арга хэмжээг авч өгөөч ээ хэмээн хандаж байна. 

Өнгөрсөн жил хөл хориотой байхад 5,176 харваач харвасан. Энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худагт сурын харваагаа явуулъя гэсэн чиглэлтэй байсан. Үндэсний сурын харваачид угаасаа хоорондоо 1.5 метрийн зайтай зогсож харвадаг. Тийм болохоор халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад сурын харваагаа зохион байгуулах боломжтой. 

Засгийн газрын чиглэлтэй холбоотойгоор бүх ачаалал Улаанбаатар хот руу төвлөрөх болоод байгаа. Өнөөдрийн байдлаар 120 гаруй салбар хорооноос ирж байгаа саналыг харвал 4,000 гаруй харваач Үндэсний их баяр наадамд ирж харвахаар байна" хэмээн ярилаа. 

Засгийн газар, УОК-т хүргүүлж буй хүсэлт: