Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын залуу хууль тогтоогч шивээсний соёлыг өөрийн биеэр сурталчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын парламентын түүхэн дэх хамгийн залуу гишүүдийн нэг, Шударга Ёсны намаас сонгогдсон 28 настай Рю Хо Жон уламжлалыг эвдэж, шинэ зоригтой санаачилга гаргадгаараа алдартай.

Тэрбээр өнгөрсөн онд парламентын чуулганд улаан өнгийн богино даашинзтай оролцож, дуулиан дэгдээж байв.

Өнгөрсөн долоо хоногт Рю шивээсний соёлыг либералчлах хуулийн төслийг өргөн барьсан юм.

Лхагва гарагт тэр шинэ хуулийн төслөө сурталчлах зорилгоор парламентын ордны гадна шивээсчдийн төлөөлөлтэй хамт хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Энэ үеэр Рю нуруундаа том хэмжээний арилдаг шивээс хийлгэснээ сэтгүүлчдэд үзүүлсэн байна.

 

1992 онд Өмнөд Солонгосын дээд шүүх шивээс хийх нь зөвхөн мэргэжлийн эмч нарын хийх ажил гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Харин Рюгийн санаачилсан хуулийн төсөл эмч бус хүмүүс шивээс хийхийг зөвшөөрүүлэх зорилготой юм.

2017 оны байдлаар Өмнөд Солонгост 220,000 орчим шивээсчин, гоо сайхны эмч энэ салбарт ажиллаж байгааг Солонгосын Шивээсний Холбоо мэдээлжээ.

“Шивээс хийлгэхэд хатуу хязгаарлалт тавьсан шийдвэр нь 2021 оны Солонгост дэндүү хуучирчээ. Шивээс хараад тавгүйтдэг хүмүүс бусдын өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг боомилох ёсгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж Рю хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News