Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Модоор бүтээсэн хиймэл дагуул удахгүй дэлхийн тойрог замд орно

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Финландын Arctic Astronautics компани анхны модон хиймэл дагуулыг 2021 оны сүүлээр дэлхийн тойрог замд оруулахаар болжээ.

Бямба гарагт тус компани наамал банзаар бүтээсэн “The WISA Woodsat” нэртэй бичил хиймэл дагуулаа агаарын бөмбөлгөөр 30 гаруй километрийн өндөрт хөөргөж туршсан байна. Модон бүтэцтэй хиймэл дагуул сансрын нөхцөлд хэрхэн зохицож ажиллахыг агаар мандлын стратосферийн давхаргад ингэж шалгажээ.

Модон хиймэл дагуулд сэлфи камер бэхэлж, анхны аяллыг нь баримтжуулсан байна.

Хааш хаашаагаа 10 см хэмжээтэй хиймэл дагуулд ашигласан модыг UPM Plywood компани вакум нөхцөлд хатааж, хөнгөнцагааны ислийн нимгэн давхаргаар бүржээ.

“The WISA Woodsat” хиймэл дагуул тойрог замд ажиллахдаа дэлхийтэй холбогдож, хэмжилтийн дата, гэрэл зураг зэргийг дамжуулах юм.

Модон хиймэл дагуул анхны нислэгээрээ гурван цагийн турш хөөрч, агаарын бөмбөлөг хагарсны дараа онцын гэмтэлгүйгээр дэлхийд буцаж газарджээ.

Хиймэл дагуулыг модоор бүтээх нь ган, хөнгөнцагаанаар бүтээснээс хямд өртөгтэй, бас байгаль орчинд ээлтэй. Тухайлбал нэг тонн ган үйлдвэрлэхэд агаарт 1.9 тонн хүлэмжийн хий үүсдэг. Хөнгөн цагааны тонн тутамд 11.5 тонн хүлэмжийн хий үүсдэг байна.

Дотоод агаарын хүчтэй даралт, сансрын хог хаягдалтай мөргөлдөх эрсдэл зэргээс шалтгаалан ойрын үед Олон Улсын Сансрын Станцын бүтцийг модоор орлуулах боломжгүй ч харилцаа холбооны хиймэл дагуулуудад ашиглах боломжтой юм.

 

Эх сурвалж: Mashable