Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Женев хотод уулзлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр анхныхаа гадаад айлчлалын сүүлчийн зогсоол болох Швейцарийн Женев хотод саатаж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Ерөнхийлөгчийн хувиар тэд анх удаа уулзахдаа хоёр улсын харилцааг хэвийн болгох эхний алхмыг хийж, зэвсэгт хүчнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх механизм бий болгон, АНУ-д үйлдэгдсэн кибер халдлагын хэргүүдийг хамтран шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

 

Дундаа нэг удаагийн завсарлагатайгаар гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцжээ. 

Уулзалтыг дөрвөөс дээш цаг үргэлжилж, дундаа хоёр удаа завсарлахаар төлөвлөөд байсан ч ийнхүү богиносгосон байна.

 

Дараа нь болсон хэвлэлийн хурлын үеэр Жо Байден уулзалтыг “эерэг уур амьсгалтай, ажил хэрэгч, ямар нэг гэнэтийн асуудалгүй” болж өнгөрснийг хэлжээ. Тусдаа болсон хэвлэлийн хурлын үеэр Путин мөн уулзалтыг “ажил хэрэгч” уур амьсгалтай болсныг батлаад хоёр улс элчин сайд нараа буцааж илгээхээр болсныг мэдэгдсэн юм.

Талууд ОХУ-ын зүгээс АНУ-ын эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад үйлдэгдсэн кибер халдлагын хэргүүдийг хамтран шалгаж, цаашдын халдлагаас стратегийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг хэрхэн хамгаалах тал дээр ажиллахаар болсон байна.

Гэхдээ уулзалтын үеэр Путин дээрх халдлагуудын ард ОХУ-ын эрх баригчид байсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Харин Байден дахин ийм халдлага гарвал АНУ зохих хариу арга хэмжээ авахыг анхааруулсан гэнэ.

“Манай улс кибер орчинд хүчтэй гэдгийг Путин мэдэж байгаа. Гэхдээ хэр хүчтэй вэ гэдгийг тэр бүрэн мэдэхгүй байгаа” гэж Байден хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд бас Сири зэрэг улс орнуудад зэвсэгт хүчнүүдийнхээ хооронд санамсаргүй зөрчил мөргөлдөөн гарахаас сэргийлэх харилцаа холбооны үр дүнтэй механизм бий болгохоор тохиролцсон байна.

Мөн талууд эгүүлэн татаад байсан элчин сайд нараа буцааж илгээхээр тохиролцжээ.

Энэ оны гуравдугаар сард Байден хэвлэлд ярихдаа Путинийг “алуурчин” гэж нэрлэсний дараа ОХУ-ын тал Вашингтонд суугаа элчин сайд Анатолий Антоновыг дуудаж байв. Үүнээс сарын дараа ОХУ-ын шахалтаар Москва дахь АНУ-ын элчин сайд Жон Саливан бас эх орондоо буцсан юм.

Ерөнхийлөгч нарын уулзалт Женев нуурын эрэгт орших 18 дугаар зууны үеийн харшид зохион байгуулагджээ.

Эх сурвалж: Reuters, Associated Press