Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Вакцин үзүүлэх ёстой үр нөлөөгөө үзүүлээд явж байгаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Хоолны газруудыг заалаараа үйлчлэхгүй байх шийдвэрийг өнөөдөр гаргаад, маргаашаас хэрэгжүүлэх гэж байна. Энэ шийдвэр хоолны орц, материалаа урьдчилж бэлтгэдэг газруудад хугацааны хувьд тулгуу шийдвэр биш үү?

Т.Баярхүү: -Амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг 7 хоногоор хязгаарлах шийдвэр гаргасан. ААН-үүдийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ үйл ажиллагааг нь бүрэн хаагаагүй. Хүргэлтээр болон захиалгаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой. 

ААН байгууллагуудад үйл ажиллагаа явуулахдаа мөрдөх журмыг гаргасан ч бодит байдал дээр мөрдөгдөхгүй. Танхим 50-аас дээш хувийн дүүргэлттэй, цаг хэтрүүлэн ажилладаг, бүх төрлийн баар хаалттай байгаа хэдий ч ресторан нэрийн доор диско баар, лоунж болоод хувирсан үйл ажиллагаа явуулж байна. Тус газруудаар үйлчлүүлж буй иргэд амны хаалтгүй байгаа учраас 7 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоож байна. 

Амралт, жуулчны газруудад зөвхөн гэр бүлээрээ очиж үйлчлүүлэхийг зөвшөөрч байгаа ч хамт олноороо, төгсөлтийн баяр хийж байгаа оюутан залуус очиж байгаа. Тиймээс хязгаарлалт хийж байна. 

- Зорилтот бүлгийн иргэд вакцины бүрэн тунд өндөр хувьтайгаар хамрагдсан хэдий ч халдварын тоо буурахгүй байна. Энэ нөхцөлд гурав дахь тунг хийх асуудал яригдах уу?

Л.Баттөр: -Агааржуулалт муутай, битүү газарт амны хаалтгүйгээр удаан хугацаагаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар тархаж байгаа. Тиймээс халдвар тархах эрсдэлийг бууруулах үүднээс дээрх шийдвэрүүдийг гаргасан. 

ХӨСҮТ-ийн тархвар судлаачид зургаадугаар сарын 15-наас халдварын тархалт буурах тооцооллыг гаргасан байсан. Гэтэл нөхцөл байдал санаснаар байхгүй байна. Үүнд юу нөлөөлсөн бэ гэдгийг судалж байгаа. 

Иргэдийн дунд вакцин хийлгээд 14 хоносон бол огт халдвар авахгүй гэсэн ойлголт байх шиг байна. Ер нь бол бүрэн тунд хамрагдсан хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдгийг хэлж, зөвлөсөөр ирсэн. 

Иргэд вакцины нөлөөнд итгэхгүй байх шиг байна. Гэтэл вакцинжуулалтын үр дүн олон улсад ямар байгаа манай улсад ч тэр л түвшинд байна. Вакцин үзүүлэх ёстой үр нөлөөгөө үзүүлээд явж байгаа гэсэн судалгааны үр дүнгүүд гарсан. Ямар ч вакцин 100 хувь дархлал тогтоохгүй. 

Хэрэв вакцины үр нөлөө муу байх юм бол гурав дахь тун буюу сэдээх тунг ямар вакцин хийснээс үл хамаарч 6-12 сарын дараа хийх ёстой юм бишүү гэсэн судалгаанууд олон улсад хийгдээд явж байгаа. Түүнээс биш Синофарм хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг хийх тухай ойлголт байхгүй. Коронавирусийн эсрэг вакцинууд ямар хугацаагаар дархлаа тогтоож байгаа талаар тогтсон үр дүн гараагүй байна. Манай улсын хувьд ч гэсэн бүрэн тунд хамрагдаад дархлаа тогтохгүй байгаа хүмүүс дээр ямар арга хэмжээ авах талаар анхаарал тавьж, судалгаа шинжилгээ хийж байгаа.

- Халдварын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас эмчилгээний тактикыг өөрчлөх чиглэл өгсөн. Ямар өөчрлөлт хийгдэж байгаа вэ?

Л.Баттөр: - Эмчилгээний тактикийн хувьд орны хүрэлцээ болон бусад хүчин зүйлүүдээс хамаараад явуулын цэгээр эмнэлгийн тусламж үзүүлэх тактик руу шилжиж байгаа. Түүнээс биш үндсэн эмчилгээ буюу вирусийн эсрэг, антибиотикийн эмчилгээ хавсраад хийгдээд явж байна. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/69xpriW5Po/