Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аймгуудыг Соёлын хэлтэстэй болгох шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргажээ.
 
Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан бусад шийдвэрүүд:

  • Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
     
  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
     
  • Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.