Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихыг дэмжив.

Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан шинэчилсэн үзэл баримтлал болон зарим нэмэлт шинжилгээний үндсэн дээр хуулийн төслүүдийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тодорхой болгож, орхигдсон зарим харилцааг нэмж тусгасан.

Үүнд:

  • Амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх;
  • Заавал эзэмших боловсролыг 1-12 анги байхаар тусгах;
  • Иргэний эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг ангилан төрөлжүүлэх, түвшнээр эрэмбэлэх мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг бий болгох;
  • Англи хэлний боловсрол олгохтой холбоотойгоор “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах;
  • Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах;
  • Боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг суурь болон хувьсах зардал, үр дүнд чиглэсэн нэмэлт санхүүжилтийн зарчимд шилжүүлж, боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох;
  • Сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг багтсан байна.

 

Эх сурвалж: БШУЯ