Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Ухань хотод гарсан анхны коронавирус нь одоо арай өөр хувилбар руу шилжсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины үр нөлөөний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн тоо төдийлөн их биш байна. Ялангуяа хүн амын 35 хувийг эзэлж байгаа хүүхдүүд вакцинд огт хамрагдаагүй байна.

Энгийнээр тайлбарлахад, нэг сая хүн вакцинд хамрагдаад 14 хоносон байлаа гэж бодоход түүний 800 мянгад нь л дархлаа тогтсон байх боломжтой. Харин үлдсэн 200 мянга нь эрсдэлтэй бүлэг хэвээр байсаар байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Вакцины үр нөлөөг бууруулж байгаа хүчин зүйл бол бидний тооцоолоогүй зүйл буюу иргэдийн хөдөлгөөн юм. Мэдэж үүнийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж, зөвлөмж өгч байсан.

Үүнд сонгууль нөлөөлсөн үү гэвэл тийм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар аль болох хүн хоорондын зай барьж, уулзалтыг задгай талбайд хийх гэх мэтээр зөвлөмж өгсөн. Гэхдээ тооцоолоогүй хүний бөөгнөрөл үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Түүнчлэн шагнал урамшууллын асуудал ч вакцины үр нөлөөнд сөргөөр нөлөөлсөн гэдгийг хэлье.

Хэдийгээр задгай талбайд шагнал урамшууллаа авсан байж болох ч дараа нь битүү орчинд шагнал авсан хүн болгон бяцхан тэмдэглэлт баяр хийж халдвар тараах тохиолдол гарсан. Шагнал авсан хойноо халдвар аваад эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолтой би цөөнгүй таарсан.

Тиймээс вакцины бүрэн тунг хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг анхааруулж байна.

Мөн вакцины үр дүнг бууруулах нэг зүйлд коронавирусийн мутацлагдсан хувилбар нөлөөлж байгаа эсэхийг ХӨСҮТ болон бусад мэргэжлийн байгууллагууд судалж байгаа. Мутацилагдсан хувилбарын хувьд, заавал гадаадаас мутацилагдсан вирус орж ирээд байгаа зүйл огтхон ч биш.

Өөрөөр хэлбэл, монгол хүний биеэр дамжин халдварлаж байгаа вирус буюу дотоодод тархаж байгаа халдвар нь нэг хүнээс нөгөө хүнд дамжихдаа тогтмол мутацид орж байгаа гэсэн үг.

Манайхны хийсэн судалгаагаар БНХАУ-ын Ухань хотод гарсан анхны коронавирус нь одоо арай өөр хувилбар руу шилжсэн байна.

Вирус илүү олон хүнд дамжин халдварлах тусмаа мутацид орно. Бид үүнийг анхааралтай ажиглаж, судалж байгаа" хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1113081292530717