Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоносон иргэдийн тоо 1.3 сая орчим"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавирусийн эсрэг вакцин халдвараас хамгаалах, хүндрэл нас баралтаас сэргийлэх гэсэн үндсэн хоёр үүргийг гүйцэтгэж байна.

Коронавирусийн эсрэг вакцин олон улсад ямар үр нөлөөтэй байгаатай адил манай улсад ч тийм хэмжээний үр нөлөөг үзүүлж чадаж байгааг хэлье.

Ялангуяа халдвар авсан тохиолдолд хүндрэл, нас баралтаас сэргийлж чадаж байгаа нь тодорхой харагдаж буй.

Манай улс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн вакциныг түлхүү хэрэглэж байгаагаас гадна ОХУ-ын Спутник V болон Pfizer, AstraZeneka  зэрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж байна.

Иргэдэд хандаж хэлэхэд вакцины үр нөлөөнд огт эргэлзэх хэрэггүй. Учир нь уг өвчний хүндрэлээр нас барсан иргэдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байсан.

Харин бүрэн тунг хийлгэсэн хойноо нас барсан маш цөөн тохиолдол бий. Энэ нь вакцин халдварын хүндрэлээс сэргийлж чадаж байгаагийн илрэл.

Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоносон 1.3 сая орчим иргэн байна. Энэ нь манай улсын хүн амын ердөө 40 хувь нь л одоогоор вакцины бүрэн тунг хийлгээд 14-өөс дээш хоносон гэсэн үг” хэмээн ярив.

"Эсрэг биеийн түвшин өндөр байгаа нь халдвараас 100% хамгаалагдсан гэсэн үг биш"

Үргэлжлүүлэн “Вакцинд хамрагдсан иргэд 100 хувь өөрийгөө халдвараас хамгаалагдсан гэж буруу ойлгож, дэглэмээ мөрдөхгүй тохиолдол гарч байна.

Гэвч архаг суурь өвчтэй, өндөр настай болон дархлал дарангуйлдаг эм хэрэглэдэг зэрэг янз бүрийн шалтгаанаас болж, бүрэн дархлаа тогтоогүй байх боломжтой.

Мөн эсрэг биеийн түвшин өндөр байгаагаас хамаарч халдвараас 100 хувь хамгаалагдсан гэж огт ойлгож болохгүй.

Вакцинжуулалтын дараах эсрэг биеийн хэмжээ олон зүйлээс шалтгаалах бөгөөд зөвхөн вакцинаас өөр байдлаар эсрэг бие үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эсрэг биеийн тогтоц, хамгаалах чадварыг нарийн мэргэжлийн лабораторид хийдэг” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1113081292530717