Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баярхүү: Тээвэрчид Монголын талд сөрөг гараад БНХАУ-ын талд шинжилгээ өгөхөөр эерэг гарч байгаагаас тээвэрлэлт зогсож байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагаан хад гаалийн хяналтын бүс, Гашуун сухайт боомтын хил орчимд коронавирусийн халдварын эерэг тохиолдол удаа дараалан гарч тээвэрчдийн нийгмийн асуудал эрсдэлд орж, нүүрсний татан авалтын нөхцөл байдал хүндэрч байгаа талаар "Баянзам тээвэрчдийн холбоо"-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Та бүхний мэдэж байгаачлан Өмнөговь аймагт буюу экспортын бүсэд хөл хорионы дэглэм хэрэгжиж "Ногоон бүс" гэж хэлэгдэж яваа. Бодит үнэн гэвэл сүүлийн нэг сар орчмын хугацаанд Гашуун сухайт боомтын нүүрсний таталт огцом багассан. Шалтгаан нь манайхаас гарсан тээврийн жолооч нар БНХАУ-ын талд очоод өгсөн шинжилгээний хариу нь удаа дараа эерэг гарч байгаа явдал. Эерэг хариу гарах бүрт Хятадын талаас манай нүүрсний орох машиныг хязгаарладаг. Тодруулбал,

  1. Вакцинжуулалт эхлэх үед тээврийн жолооч нар вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан. Хил рүү орохын өмнө Монголын талд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг гарчхаад, БНХАУ-ын талд очоод шинжилгээ өгөхөөр эерэг гараад байна. Манай улсын шинжилгээ яг ямар шинжилгээ болоод байна вэ?
  2. Нүүрсний экспорт явуулдаг Цагаан хад "Ногоон бүс" биш "Улаан бүс" болсныг өнөөдөр мэдэгдэж байна. Цагаан хаданд хоёр сум нийлүүлсэн дайны хүмүүс, машины хөдөлгөөн байдаг. Гэтэл үнэхээр хариуцлагагүй байлаа.

Иймээс эдгээр асуудлуудад тодорхой хариулт өгөхийг Засгийн газраас шаардаж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн эерэг гарсан тохиолдлоос хойш гурав хоног Хятад улс нэг ч машин аваагүй. Үүнийгээ манай улсын халдварын тархалттай холбож тайлбарладаг. Сүүлийн долоо хоногийн байдлын хувьд Хятад талд очсон жолооч нараас ойр ойрхон эерэг гараад байгаа учраас өдөрт 50 машин нүүрс авна гэж Хятадын талаас мэдэгдсэн.

Цагаан хад бүс дотор 4,000 орчим тээврийн хэрэгслийн жолооч нар, нүүрс ачаад хил рүү орох гээд жагсаж буй 1,100 орчим машин байгаа.

Тээвэрчид гурван сар, хагас жил гэх мэт хугацаагаар хилийн бүсдээ амьдраад тээвэр хийж байгаа. Гэтэл сүүлийн хоёр хоногоос эхлээд гаалийн талбайгаас нүүрс ачихгүй гэх хязгаарлалтыг хийсэн. Аччих болов уу гэж горьдоод хүлээж байгаа 2,000 орчим жолооч Цагаан хаданд нүүрс ачдаг хашаа бүрийн гадна хуваагдаад зогсож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Гашуун сухайт боомтын тээвэр тэг зогсолт хийхэд хүрсэн" гэлээ. 

"Шинжилгээний будилаантай байдал зэрэг асуудлыг энэ сарын 19-ний дотор шийдвэрлэхгүй бол олон зуун тээвэрчид шаланзтай суултыг төв талбайд хийхээ хатуу мэдэгдэж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Тус байгууллагын Тээвэрчдийн холбоон дарга Н.Ялагдашгүй "Юуны өмнө тээвэрчид эх оронч байгааг хэлье. Тээвэрчид хэдэн юм хэлэхээр улс төржүүлчих болов уу гээд хагас жил чимээгүй тэслээ. Өчигдөрхөн та бүхэн хүний эрхийн талаар ярьж байсныг сонссон. Тээвэрчдийн эрх үнэхээр зөрчигдөж байна шүү дээ. Тээвэрчдийн амь нас эрүүл мэнд маш том эрсдэлд орчихоод байхад хэлэхгүй "Ногоон бүс" гээд явуулж байсан.

Улс эдийн засгаа эрсдэлд оруулахгүй гэж бодож байгааг тээвэрчид ойлгож байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд чухал биз дээ. Тээвэрчид маань Монголын талын шинжилгээ үнэн эсэхэд эргэлзэж, гайхаж байна. Шинжилгээний будилаанаас болоод тэд өнөөдөр ажлаа ч хийж чадахгүй, гэртээ ч харьж ээж, аав, үр хүүхэд, хань ижилтэйгээ уулзаж чадахгүй сууна.

Шаардлагын хугацаа гурав хоног бөгөөд зургаадугаар сарын 19-ний дотор дээрх асуудлуудыг яаралтай шийдвэрлэхгүй бол олон зуун тээвэрчид шаланзтай суултыг төв талбайд хийхээ хатуу мэдэгдэж байна" хэмээв.