Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японд “бүдүүн хүмүүс”-ийг түрээслэх үйлчилгээ нээгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд Япон улсад хүн түрээслэх өвөрмөц бизнес цэцэглэж байна. “Дунд насны ах түрээслэх”, “эгч түрээслэх” үйлчилгээнүүд нээгдээд байгаа бол саяхан “бүдүүн хүн түрээслэх” үйлчилгээ нээгджээ.

Уг үйлчилгээг япон хэлээр Дэбүкари (“дэбү-бүдүүн тарган”, ”карирү-түрээслэх”) гэж нэрлэсэн байна. 

Түрээслэх хүмүүс нь 100-аас дээш килограмм жинтэй, дотроо 125 кг-аас дээш, 150 кг-аас дээш гэсэн ангиллуудтай юм байна.

Гэхдээ Дэбүкари нь ямар нэг романтик харилцаа үүсгэх, эротик үйлчилгээ биш гэнэ.

Бүдүүн хүмүүсийг зар сурталчилгаа, кино зураг авалт зэрэг арилжааны зорилготой үйл ажиллагаанд өндөр үнээр түрээсэлдэг бол бизнесийн бус зорилгоор түрээслэхэд цагийн 2,000 иений ($18) үнэ ханштай байна.

Бизнесийн бус зорилгоор ашиглах дараах санаанууд байж болохыг Дэбүчи компани танилцуулгадаа дурджээ.

  • Ресторанд захиалсан их порцтой хоолоо идэж дуусгахад туслуулах
  • Бүдүүн тарган хүнд хувцас, бэлэг авахдаа хэмжүүр болгож ашиглах
  • Косплэй тоглолтод бүдүүн дүр бүтээхэд ашиглах
  • Гэрэл зураг дээр туранхай харагдахын тулд хажуудаа зогсоох
  • Бүдүүн хүнээс зөвлөгөө авах хэрэг гарахад ашиглах
  • Дүүжин даажин тоглоход ашиглах гэх мэт.

Дэбүкари компани түрээслэх хүмүүсийнхээ жагсаалтыг вэбсайтдаа байршуулжээ.

Эх сурвалж: SoraNews24