Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ариунтуяа: Сая болсон үерийн үеэр Улаанбаатарын бүх ус соруулах машин ажилласан ч хүчрэхгүй техникийн дутагдалд орсон

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатарт үерийн улмаас үүсээд буй нөхцөл байдалд хэрхэн ажиллаж буй талаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Геодези, усны барилга байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг бөгөөд 141 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 153 км далан суваг, 163 км борооны ус зайлуулах шугам сүлжээ байна.

Сүүлийн үед буюу энэ сарын 6,7-нд Улаанбаатар хотод орсон цас, борооны улмаас үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Тиймээс 7-ны шөнөөс эхлээд өнөөдрийг хүртэл манай байгууллагын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус сорох, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг сэргээж засварлах ажлыг хийж байгаа. 

Үерийн өндөр эрсдэлтэй ийм үед ганцхан геодезийн байгууллага биш холбогдох бүх байгууллагууд хамтран ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байна. Манай байгууллага 37 тоног төхөөрөмжтэй гэж явдаг. Гэтэл эдгээрийн дийлэнх нь эвдрэлтэй, олон жилийн насжилттай болохоор одоогийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа 16 техник тоног төхөөрөмж бий. 

Өөрөөр хэлбэл манай байгууллагын хувьд хүний нөөц бололцоо бага, техникийн хувь чадал муутай. Сая үүссэн үерийн нөхцөл байдалд Улаанбаатар хотын бүх л ус соруулах машин очиж ажилласан ч хүчрэхгүй техникийн дутагдалд орсон.

Хотын хэмжээнд барилгажилт их, шинэ суурьшлын бүсүүд үүсэж, голын эх дээр очиж айл өрх ААН-үүд башин барилга барьж байгаа нь хотыг үер усны аюулд оруулах эрсдэл үүсгэж байна.

Мөн бид дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд далан суваг, борооноос зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж эхэлдэг байсан бол энэ жил гуравдугаар сарын 15-нд эхэлж, энэ ажил руугаа орсон. Одоогийн байдлаар тус ажил 80 хувьтай явж байна" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/333984271502786