Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс ₮6 их наядаар өслөө

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний таван сарын эдийн засгийн статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны ЭЗСГ-ын Ахлах статистикч Д.Мөнхзул танилцууллаа. 

Тэрбээр "Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (29.5 %) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, 

  • Валютын хадгаламж 0.2 (5.8%) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 4.1 (38.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн. 

Бага мөнгө (M1) тавдугаар сарын эцэст 5.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 455.1 (8.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2 (55.9%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.

Харин бараг мөнгө тавдугаар сарын эцэст 21.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 481.3 (2.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.1 (23.9%) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 их наяд төгрөг буюу 50.2 хувийг иргэдийн авсан зээл эзэлж байна" гэв.

Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус хугацаанд 1.2 их наяд төгрөг болжээ. Энэ өмнөх сараас 165.5 (15.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 275.5 (28.3%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Төгрөгийн хадгаламж тавдугаар сарын эцэст 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.8 (0.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.1 (38.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Тодруулбал,

Төгрөгийн хадгаламжийн 

  • 90.3 хувь (13.4 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 9.7 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгаа аж. 

Харин валютын хадгаламж 4.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 287.9 (6.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 232.2 (5.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Энэ оны тавдугаар сарын эцэст банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 51.8 (2.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байгаа юм байна. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/331193458401361