Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмчлүүлэх иргэдийн тоо 7 хоногийн дотор 10 мянгаар нэмэгдэж, 22,508-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж байна.

Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгдчийн тоо 3,000 гаруйгаар, гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн тоо хоёр дахин өсжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд коронавирусийн улмаас эмнэлэгт 6,423, гэртээ 6,233 хүн буюу нийт 12,656 хүн эмчлүүлж байв.

Харин долоо хоногийн дотор дээрх тоо 10,000-аар нэмэгдэж, хүнд болон хүндэвтэр өвчтөн 1,000-2,000-аар нэмэгджээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22,508 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Дээрх иргэдээс 9,346 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн бадйлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 5,826
  • Хүндэвтэр- 2,542
  • Хүнд- 794
  • Маш хүнд- 184 хүн байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 2 хувийг маш хүнд хүмүүс эзэлж байна.

Харин одоогоор халдвар авсан 13,162 хүн гэрийн тусгаарлалтад хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлүүлж байгаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд гэрээр эмчлүүлж байгаа боловч дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.

Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр тул тухайн биеийн байдлаас шалтгаалж эмчилгээний төрөл өөр өөр байгаа.

Эрүүл мэндийн яамны зүгээс дархлаагаа дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор амин дэмүүд хэрэглэхийг зөвлөж буй. Түүнээс биш ямар нэг антибиотикийн төрлийн эмийг дур мэдэн хэрэглэхийг зөвлөөгүй.

Иргэд халдвар авснаа мэдээд айж сандрахгүйгээр тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг хүсье” хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/4202913063117898