Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Найдалмаа: Монгол багш нарын сэтгэл зүтгэл дэлхийд үнэлэгдэх болно

ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

-Үндэсний шилдэг 50 багш, 50 оюутан 9-р сарын 1-нд тодорно-

Хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай “Дэлхийн шилдэг багш”-д эх орноо төлөөлөн оролцох багш нарыг тодруулах Үндэсний хэмжээний шалгаруулалтын бүртгэл эхлээд байна. Энэ талаар “Дэлхийн шилдэг багш- Монголд” төслийг хэрэгжүүлэгч Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол сангийн тэргүүн М.Найдалмаатай ярилцлаа. 

-Дэлхийн нэр хүндтэй “Global teacher prize” шалгаруулалтад Монголын багш нар оролцох боломж бүрдлээ. Энэ ажлыг эхлүүлэх санаа хэрхэн төрсөн талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалт 7 жилийн хугацаанд зохион байгуулагдахдаа  Нобелийн шагналтай дүйцэхүйц дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт болж чадлаа. Үүнийг эхэлсэн цагаас нь л дэлхийн нөлөө бүхий эрхмүүд, олон улсын байгууллагууд байнга дэмжиж ирсэн нь өөрөө энэ үйл ажиллагааг үнэхээр зөв зүйл байна гэдгийг харуулж байна. Өнгөрсөн жил гэхэд 140 орны 12 мянган багш өрсөлдсөн. Дэлхийн шилдэг багшаар тодорсон багш нарын намтар түүхтэй танилцаад монгол багш нар энэ шагналыг авах бүрэн боломж байна гэх бодол төрсөн.

Хот, орон нутаг, сум багийн хэмжээнд хэрхэн сурагчидтайгаа ажиллаж, тэдэнд зааж, үлгэрлэж, шинэ туршлага, заах арга барил ашиглаж байна, мөн бусад багш нартаа үлгэрлэж байна, сурагчид нь ямар амжилттай явж байна, улмаар сайн багшийн сурагчид хүнлэг энэрэнгүй, хүмүүнлэгийн сэтгэл зүрх ёс суртахуунтай хүмүүжиж байна гэх мэт маш олон сайн сайхан жишээ эндээс бидэнд ирнэ гэж харж байна. 

Цар тахлын үед гэхэд нэгдүгээр ангийн сурагчдынхаа гэрт нь очиж хүүхэд нэг бүрд хичээлээ заасан, хичээлийг нь хэвлээд шуудангаар илгээсэн гээд олон сайхан багш нарын талаар бид сонссон шүү дээ. Багш нар өөрсдөө контент бүтээж, хүүхдийг хичээл сурлагын хоцрогдолгүй байлгахын төлөө эрвийх дэрвийхээрээ хичээлээ. Энэ хичээл зүтгэл дэлхийд үнэлэгдэж, дэлхийн шилдэг багшаар Монгол багш тодорч болох юм.

-Дэлхийн шилдэг багшаар шалгарвал нэг сая ам.долларын эзэн болно. Тийм ээ?

-Тийм. Гэхдээ нэг сая ам.долларын төлөөх өрсөлдөөн гэхээсээ илүүтэй, багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөхөд өндөр ач холбогдолтой арга хэмжээ л дээ. Хүн бүр багштай болохоор мэдэж байгаа. Багшаа хүндэтгэх нь сайн суралцахын эхлэл. Багшийн гар дээр Монголын ирээдүйн эзэд сурч боловсорч байна. Төслийг эхлүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яам хамгийн том дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулагчаар оролцох болсныг дуулгахдаа таатай байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн шалгаруулалтад оролцох багш, оюутныг тодруулах үндэсний хэмжээний шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол сан хамтран зохион байгуулж байгаа юм.

-Үндэсний шалгаруулалт ямар үе шаттай хэрхэн зохион байгуулагдах вэ? 

-Энэ жилийн “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад шилдэг оюутан гэсэн номинац нэмэгдсэн. Тэгэхээр багш болон оюутны шалгаруулалтыг зэрэг зохион байгуулж байна. Teacherprize.mn сайтын өргөдөл хэсэгт зааврын дагуу бүрэн мэдээллээ багш, оюутнууд оруулан өргөдлөө илгээх боломжтой. Нэр хүнд бүхий 11 шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийж 2021 оны 9 дугаар сарын 1 нд үндэсний шилдэг 50 багш, 50 оюутан тодорно. Харин хоёрдугаар шатны шалгаруулалтын дүн багш нарын баяраар буюу 2021 оны 10 дугаар сарын 5 нд гарч үндэсний шилдэг 10 багш, 10 оюутныг зарлах юм. Ингээд 12 дугаар сарын 10 нд Үндэсний шилдэг багш, оюутан  тодруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Үндэсний хэмжээнд шалгарсан 10 багш, 10 оюутны өргөдлийг бид “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад илгээнэ.

 

-Үндэсний шилдэг багшийг хэрхэн алдаршуулах вэ?

-Багшийн хөдөлмөр үнэ цэнэтэй. Бид үндэсний хэмжээнд шалгарсан шилдэг багш оюутныг багагүй мөнгөөр шагнаж урамшуулахаар төлөвлөсөн. Үүнийг удахгүй зарлах болно. Үндэсний топ аж ахуйн нэгж байгууллагууд дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж, шилдгээр шалгарсан 50 багш, 50 оуютнаас эхлээд тэдний ур чадвар, хичээл зүтгэлийг бид нийтэд танилцуулж алдаршуулах болно. 

-Багш, оюутнуудад тавигдах шаардлага бий юу. Хэн оролцох боломжтой вэ?

-Шилдэг багшийн шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуульд долоо хоногт 19 өөс багагүй цаг хичээл заадаг, ирэх 5 жилд багшаараа ажиллах төлөвлөгөөтэй багш оролцох боломжтой. Харин оюутны тухайд, их дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагч, дээд боловсролын эчнээ болон зайн сургалтын оюутнууд хамрагдаж болно. Энэ нь “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтын шаардлага гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өргөдөл илгээх багш оюутнуудад хандаж зөвлөгөө өгөөч. Шалгаруулалтад оролцогчид юуг анхаарах хэрэгтэй вэ? 

-Бид “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтыг санаачилан зохион байгуулагч Английн Варки сантай санамж бичиг байгуулж, шалгаруулалтыг албан ёсоор зохион байгуулж байгаа. Тэгэхээр дэлхийн шалгаруулалтын жишиг, стандартаар явагдана гэсэн үг. Багш, оюутнуудад хандаж хэлэхэд, нийгмийн идэвх оролцоо, бусдын сайн сайхны төлөө болон хөгжлийн төлөөх үйл хэргээ бага гэхгүй бүрэн дүүрэн бөглөөрэй гэж зөвлөж байна. Мөн шинэлэг арга барил, шинэ санаа,  технологийн дэвшлийг ашигласан бол тэр талаарх мэдээллээ сайн оруулаарай. Глобалчилагдаж буй дэлхий ертөнцөд хүний харилцаа хандлага өндрөөр үнэлэгдэх болсон. Жишээ нь “Та шилдэг багш болбол шагналын мөнгөө юунд зарцуулах вэ” гэсэн асуулт бий. Шагналын мөнгөө хэрхэн зарцуулах нь таны эрх боловч, хэрэв тодорхой хэсгийг сайн сайхны төлөөх үйл хэрэгт зарцуулах хүсэлтэй байгаа бол тэрийгээ заавал бичээрэй. Учир нь энэ асуултын хариултаас таны хандлага харагдах учраас шалгаруулалтад нөлөөлж болох юм.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Шинийг эрэлхийлж, өөрийн гэсэн заах арга барилыг бүтээгч, ажил мэргэжилдээ зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх багшийг шалгаруулалтад идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Монгол багш, оюутнууд эрдэм мэдлэг, ур чадвараа  дэлхий дахинд харуулж, хүлээн зөвшөөрүүлж чадна. Энэ шалгаруулалтад орсон багшаараа шавь нь, оюутнаар эцэг эх найз нөхөд нь бахархах нь гарцаагүй. Дэлхийн шилдэг багш, оюутнуудтай мөр зэрэгцэн амжилттай өрсөлдөхийг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.