Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 113 хүн Хүндэт донор болсноос хамгийн залуу нь 21 настай

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр "Цусны донорын Дэлхийн өдөр" тохиож байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан цусны доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өнөөдөр боллоо. 

Энэ жил тус өдрийг “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя" уриан дор дэлхий даяар нэгэн зэрэг тэмдэглэж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо чухал болохыг онцолж буй билээ.

"Цусны донорын Дэлхийн өдөр"-өөр шинээр 113 Хүндэт донор болсноос 60 нь нийслэлээс тодорлоо. Сонирхуулбал,

  • Хамгийн залуу хүндэт донороор 21 настай Өлзийжаргалын Мягмардорж
  • Жилийн хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор 16 удаа цусаа бэлэглэсэн Сурмаажавын Нандинчимэг нарыг онцлон алдаршуулав.

 “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” гурван сарын аяныг зургаадугаар сарын 3-аас эхлэн зохион байгууллаа

 
Гэрэл зургийг MPA.mn

Цусны донорын Дэлхийн өдрийг угтаж Коронавирүст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед болон улирлын хамааралтай цусны нөөц буурахаас урьдчилан сэргийлэх, авлагагүй сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлан таниулах зорилгоор хувь хүн, иргэд байгууллага хамт олонд хандсан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” гурван сарын аяныг зургаадугаар сарын 3-аас эхлэн зохион байгуулж байгааг онцлов.

Хэвийн үетэй харьцуулахад цусаа өгдөг донорын тоо төвийн хэмжээнд 31%, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20%-аар буурсан. Улаан эсийн бүтээгдэхүүнийг ердийн үед 21 хоногоор нөөц бүрдүүлдэг бол 2021 онд долоо хоног болж буураад байна хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр өмнө нь хэлж байсан.

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа урвал, хүндрэл гараагүй бол 3-7 хоногийн дараа цусаа өгч болно. Харин урвал хөнгөн, дунд зэрэг илэрч байгаа бол 14 хоногийн дараа өгч болно.

“Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” аяны хүрээнд мэдээлэл ургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион байгуулах, олон удаа цусаа бэлэглэсэн цусны донорыг алдаршуулах, цусны донорын үйлсийн талаар эссэ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг санаачлан төвийн нийт ажиллагсад, орон нутгийн цусны салбар төвүүдийг оролцуулан зохион байгуулж, есдүгээр сарын 3-ны өдөр дүгнэхээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ЦССҮТ болон орон нутгийн цусны салбар төвүүд орон даяар энэхүү 18 дахь удаагийн арга хэмжээг Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn