Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: Хоорондоо таарахаа байсан лидерүүдээс болж Ардчилсан нам тарж бутрахгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Өнөөдрийн энэ аян бол сөрөг хүчний чадамжийн тухай асуудал юм. Сүүлийн хоёр удаагийн УИХ, нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН эв нэгдэлгүй учраас амжилтгүй оролцлоо. Дотоод ардчиллаа сайжруулах нь маш чухал байна. АН нийгмээс дэмжлэг авахаа больсон улс төрийн хүчин биш гэдэг нь харагдаж байгаа.

АН-ын нэрийн дор нэр дэвшсэн хүн хэчнээн бага санал авсан ч гэлээ сонгуульд оролцоогүй нийт сонгогчдын 42 хувь бий. Эдгээр хүмүүс сонголтгүй байсан учраас сонгуульдаа оролцоогүй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасан ардчилсан засагтай улс болж цаашид дутуу ардчиллаа төгөлдөржүүлэхэд АН сэргэн босох шаардлагатай. 

Хоорондоо таарахаа байсан сүүлийн үеийн лидерүүдээс болж, АН тарж бутрахгүй. Мянга мянган гишүүдийнх нь ардчиллын төлөөх зүрх сэтгэл хэвээрээ байгаа. Хоёр талд хоёр намын бүтэц гаргаад, бие биендээ бууж өгөхгүй байгаа удирдлагуудад хандаж хэлэхэд, намынхаа ирээдүйд боломж олгоод намаа нэг удирдлагатай болгоход хичээл зүтгэл гаргаач гэж уриалмаар байна.

Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. МАН ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна" гэв. 

АН нэгдэх цаг болсон

ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин "Тамганы булан барьж хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүү босож зогсоод хоёр биендээ хамтдаа алхах цаг болсон байна. Ардчилсан намгүйгээр явагдаж байгаа сонгууль, ардчилсан хүчингүйгээр болж буй үйл явдалд хохирогч нь иргэд байх болно.

АН улс орны хувь заяаг шийддэг нам байхын тулд бид нэгдэх цаг болсон. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ дэмжлэгийг авах санаачилгыг эхлүүлж байна. Намыг шинэчлэх, гайхамшигтай гоё болгох санаачилга биш. Нэг нам, нэг үзэл баримтлал дээрээ байгааг харуулахыг хүсэж байна" гэлээ.