Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүдийнхээ ирээдүйд, тэднийхээ боловсролд зориулан хуримтлал үүсгэх боломж айл болгонд байдаг"

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Ж.Найрамдалмаа /0-17 насны 8 хүүхдийн ээж, алдарт эх/

-Сайн байна уу? Таны хувьд найман хүүхэдтэй, тэднийхээ нэр дээр хүүхдийн хадгаламж нээлгээд, хуримтлал үүсгээд явдаг ээж байгаа шүү дээ. Та анх хүүхдүүдээ хэдэн настай байхаас эхэлж, хадгаламж нээлгэж эхэлсэн бэ?

Нөхөр бид хоёр 22 настайдаа ханилан сууж, амьдралын гараагаа эхлүүлж байсан. Тэр үед анхны хүүхдээ ч өлгийдөн авч байлаа. Их сургуулиа дөнгөж төгссөн бид хоёрт сарын цалин тухайн үед 200,000 орчим төгрөг л байсан.

Анх ээж болоод “хүүхдэд бэлэглэсэн мөнгө бол өрхийн орлого биш хүүхдийн өөрийнх нь л орлого” гэдэг зарчмыг өөртөө баримтлахаар шийдсэн юм. Тиймээс хүүхдээ төрүүлээд, удаагүй байхдаа банканд очиж, хадгаламж нээлгэж байлаа. Тэгээд л нярайн мялаалга, шинэ жил, цагаан сар, үсний найр мөн улсаас өгөх хүүхдийн мөнгө гээд бүгдийг нь өөрийнх нь дансанд тухай бүрт нь хийдэг болсон.

-Та хүүхдүүдийнхээ хадгаламжийг нээлгэхдээ ямар шалгуураар банкаа сонгож харилцагч нь болж байсан бэ?

Төрсний дараахан “хүүхдийнхээ мөнгөнд гар хүрэхгүй байх” үүднээс хүүхдийн мялаалгыг дор бүр нь дансанд нь хийж байхад амар гэж үзээд, гэртэйгээ хамгийн ойр байх гэсэн шалгуураар банкаа сонгож байлаа. Дараа нь судлаад үзэхэд хүүгийн хувьд ч боломжийн, хүүхдийн хадгаламж дээр урамшуулал өгдөг байсан нь таалагдсан. Тэгээд л шинэ хүүхдийнхээ гэрчилгээг авангуутаа банкинд очиж хадгаламжийг нь нээлгэдэг болсон.

 

-Нууц биш бол найман хүүхэд тань бүгдээрээ хадгаламжтай юу? Хадгаламж нээлгэх зуршлыг хэрхэн бий болгодог бэ?

Тиймээ. Найман хүүхэд маань тус бүрдээ хадгаламжтай. Үнэндээ нөхөр бид хоёрт гэр бүлийн хэрэглээнээсээ илүүчилж, хүүхдүүдийнхээ хадгаламж дээр нь мөнгө нэмэх боломж төдийлөн гардаггүй. Харин хүүхдэд зориулж орж ирсэн мөнгийг хэрэглэхгүй яг л хадгаламж руу нь хийдэг.  Гаднаас зочин ирэх, баяр ёслолоор хүүхдүүдэд чихэр авч идээрэй гээд өгсөн мөнгийг 8 хуваагаад хадгаламж руу нь хийдэг. Хүүхдүүд бага байхдаа “Ээжээ, та “чихэр авч өгөөрөэй” гэсэн мөнгөөр яагаад чихэр авч өгөхгүй байгаа юм бэ?” гэдэг байсан /инээв/ Харин жаахан том болоод ирэхээр нь “Аав ээж хоёр нь одоо та нарыгаа юугаар ч дутаахгүй байгаа юм чинь энэ мөнгийг та нарынхаа ирээдүйн сайн сайхны төлөө хадгалж байгаа юм” гэж ойлгуулж хэлдэг. Одоо том хүүхдүүд маань зарим нэг бэлэгний мөнгөө өөрсдөө шууд авдаг, тэгээд халаасны мөнгөтэйгээ нийлүүлээд хуримтлагдсан мөнгөнөөсөө тодорхой хувийг нь “миний дансанд хийчих” гээд надад хааяа өгдөг юм. Эндээс хүүхдүүд маань ямар мөнгөө хуримтлуулах, ямар мөнгөө зарцуулах вэ гэдгээ ойлгодог, санхүүгийн ойлголттой болж байгаад нь баяртай байдаг.

 

-Та бусад ээжүүдэд хандаж, хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан одооноос хадгаламж нээлгэхийн ач тусын талаар зөвлөгөө өгөөч ?

Ээж хүний хувьд миний хэрэгжүүлсэн туршлага гэвэл “Хүүхдийн орлого бол эцэг эхчүүдийн мөнгө биш, өрхийн орлого биш” гэсэн санхүүгийн сахилга батыг эх хүн өөртөө суулгаж чадах юм бол хүүхдүүдийнхээ ирээдүйд, тэднийхээ боловсролд зориулан хуримтлал үүсгэх боломж айл болгонд байдаг. Хүүхэд чинь их хөөрхөн ш дээ. Хүмүүс өхөөрдөөд 1000, 5000, 10,000 төгрөг зөндөө бэлэг авч байдаг, тэр болгоныг хуримтлал болгож чадвал 18 нас, 20 нас хүрэхэд нь тодорхой хэмжээний мөнгө цугларсан байх болно. Мэдээж хүний амьдрал эрээнтэй бараантай, янз бүр болохоор яг үнэхээр олж байгаа орлого нь амьдралд нь хүрэлцэхгүйгээр хүүхдийнхээ мөнгийг өрхийн хэрэглээндээ зарцуулдаг хүмүүс ч байгаа. Гэхдээ орсон орлого бүрээ өнөөдөртөө зарцуулаад байвал ирээдүйд юу ч тохиолдохыг бид тааж мэдэхгүй шүү дээ. Хүүхэд өсөхийн хирээр сургалт дамжаа, төлбөр, хувцас хэрэглэл гээд зардал улам нэмэгддэг. Тиймээс бага байгаа дээр нь хүүхдүүдээ зориулж тодорхой хэмжээний хуримтлалыг үүсгэж байх хэрэгтэй санагддаг. Хүүхдүүд их сургуульд ороход нь, өрх тусгаарлаад гарахад нь жаахан ч гэсэн нуруу тэнэгэр байхын тулд ээж, аавууд маань багаас нь эхлэн хуримтлал үүсгэж хэвшээрэй гэж зөвлөе өө.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд маш их баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал хүсье!

Баярлалаа, намайг урьж ярилцсанд мөн баярлалаа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.